НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хөгжлийн хороо, Нийслэлийн боловсролын газар хамтран Монгол хүн хүмүүжлийн аяны хүрээнд Монголд анх удаа “1000 аавын чуулган”-ыг СТӨ-нд өчигдөр амжилттай зохион байгууллаа.
Боловсролын харилцаанд оролцогчдын чухал хэсэг нь гэр бүл бөгөөд гэр бүл нь үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлын үндэс, улс орны хөгжил дэвшлийн баталгаа төдийгүй төр улс дотор оршин буй гэр улс нь үндэсний ёс заншил, соёл уламжлал, үнэт зүйл өвлөгдөн хадгалагддаг хүний хөгжил төлөвшлийн суурь орчин юм. Хүүхдийн хүмүүжилд хамгийн их нөлөө үзүүлж байгаа хүмүүс бол Аавууд. Ирээдүйн Монгол иргэдийн чанартай боловсрол, зөв хүмүүжил төлөвшлийн хамгийн том хүч болсон аавуудын манлайлал, үлгэр дуурайл, боловсролын харилцаанд оролцох оролцоог нэмэгдүүлэхэд “1000 аавын” чуулганы зорилго оршиж байна. Чуулганд нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн төлөөлөл болсон аавууд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, сургууль, цэцэрлэгийн удирдлагууд -нийт 1350 хүн оролцсон юм.
Монгол хүн аян нь Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсролын сургуулиас эхлэн хүүхдийн хүмүүжил нэгт тавигдаж, ирээдүйн монгол хүүхдийг төлөвшүүлэх зорилготой хөтөлбөр юм.
Даяаршлыг дагаад хүүхдийн мэдээлэл олж авах эх үүсвэрүүд нэмэгдэж байна. Богино хугацаанд мэдээлэл олж авах боломж нээгдсэн ч бараан сөрөг мэдээллүүдийн дунд төөрөх нь мөн хурдан болжээ. “Монгол хүн” аян нь Багш, эцэг эхчүүд, төрийн байгууллагууд хамтран хүүхдийн хүмүүжлийг зөв чиглүүлэх, ирээдүйн аз жаргалтай хотын зөв иргэн болгох зорилготой юмаа. Нийгмийн тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр орчин үеийн Монгол иргэний язгуур суурь чанаруудыг төлөвшүүлэх, хүүхдийн хүмүүжлийн талаар төр засгийн оновчтой бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагатай байна.
“Монгол хүн” хүмүүжлийн аяныг санаачлагч НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал хэлэхдээ “Хүн болгон математикч болохгүй ч эцэг эх болдог. Тийм учраас багаас нь зөв хүмүүжүүлж, төлөвшүүлэх асуудал Нийгмийн бөгөөд эцэг эхчүүд бидний тулгамдсан асуудал болоод байна. Эцэг эхчүүд сургууль, багш нар даатгаад орхидог тогтолцоог халж хамтран ажиллаж, ААВууд хүүхэддээ цаг гаргахыг уриалж байгаа юм. Амжилт гаргаж буй хүүхдүүдийн ард хүүхдээ дэмждэг, цаг гаргадаг, зөв хүмүүжүүлдэг эцэг эх байдаг. Тиймээс өнөөдрийн ААВУУДЫН чуулганаар нийгэмд Монгол хүнээ бэлтгэхэд ямар асуудлууд тулгараад байгаа хүүхдийн хүмүүжилд ААВын үүрэг роль ямар чухал болохыг, хүүхдийн хүмүүжилд ямар орчин, хүчин зүйл нөлөөлж байгаа, төр засгийн ямар бодлого үгүйлэгдэж байгааг зөвлөлдсөн маш ач холбогдолтой чуулган анх удаа боллоо. Манай ААВУУД боловсролын салбарынхан маш идэвхтэй оролцлоо”.
“Монгол хүн” Хүмүүжлийн аянд төрийн болон хувийн өмчийн цэцэрлэг 623, 225 сургууль, 8 боловсролын төв хамрагдах бөгөөд аянг 2020 он хүртэл жил бүр 4 үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Энэхүү аяны хүрээнд Монгол хүүхдэд тохирсон хүмүүжлийн цогц хөтөлбөр боловсруулах, хүүхдийн зөв хүмүүжлийн тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, солилцох, Багш-суралцагч-эцэг эхийн харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах, хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн үүрэг оролцоог дээшлүүлэх, хүмүүжлийн сөрөг үзүүлэлтийг бууруулах олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.