Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас хэвлэлийн бага хурал хийлээ. Өнгөрсөн жил нийслэлд 19 зуслан үйл ажиллагаа явуулсан бөгөөд нийт 16 мянга 540 хүүхэд амарчээ. Энэ онд 27 зуслан үйл ажиллагаа үйл ажиллагаа эхлүүлэх зөвшөөрөл авах мэдэгдлээ ирүүлсэн байна.
Нийслэлийн Засаг даргын 2017 оны тавдугаар сарын 19-ний өдрийн “Хүүхдийн зуслангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн хүрээнд 2017 оны зургадугаар сарын 5-наас 8-ныг хүртэл хүүхдийн зуслангуудад хяналт шалгалт хийж, шаардлага хангасанд нь үйл ажиллагаагаа эхлүүлэх зөвшөөрөл олгох юм байна. Нийт 27 зуслан хамрагдах аж. Хяналт шалгалтыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар 3 ажлын хэсэгт хуваагдан зохион байгуулна.
Мөн 6 дугаар сарын 1-нээс 10-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхдийн зуслангууд үйл ажиллагаагаа танилцуулах, эрхийн бичиг борлуулах ажлыг зохион байгуулна.