БНАСАУ ээлжит удаа дунд тусгалын баллистик пуужин харваснаа нотоллоо. Тус улсын төрийн мэдээллийн KCNA агентлагийн мэдээлснээр удирдагч Ким Жөн Уны ажигласан пуужингийн туршилт амжилттай болжээ. Тэрбээр ийм төрлийн пуужинг цувралаар үйлдвэрлэх үүрэг өгсөн гэнэ. Энэ пуужин байлдааны дэглэмд шилжихэд бэлэн болсон ажээ.
Өмнөх гурван туршилтынхаас ялгаатай нь энэ удаа харвасан пуужин богино зам туулсныг Цагаан ордон мэдэгдсэн байна. Уг пуужин 500 орчим км зам туулаад, Япон тэнгист унасан тухай БНСУ-ын “Yonhap” агентлаг мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногт харвасан, цөмийн цэнэгт хошуу тээх чадалтай гэгдэх пуужин 700 орчим км нисчээ.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл энэ сарын 15-нд гаргасан тогтоолдоо “Умард Солонгос цөмийн зэвсгээс татгалзаж буйгаа тодорхой үйлдлээр нэн даруй харуулах нь чухал” хэмээн тэмдэглэсэн билээ. АНУ, Япон, Өмнөд Солонгосын хүсэлтээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл БНАСАУ дахин пуужин харвасан асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ.
БНХАУ-ын дарга Си Зиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай өнгөрсөн дөрөвдүгээр сард уулзахдаа БНАСАУ-ын талаар 100 хоног дангаар хатуу арга хэмжээ авахгүй байхыг хүссэн. Энэ хугацаанд Пхеньяны баримталж буй бодлогыг өөрийн арга хэрэгслээр өөрчлөхөө Бээжин амласныг Япон болон Америкийн эх сурвалжуудаас эш татан Японы “Asahi” сонин мэдээлжээ.
БНАСАУ-ын гадаад худалдааны 90 хувь нь Хятадад ногддогийг тус улсын даргатай АНУ-д уулзахдаа Д.Трамп дурдсан билээ. Энэ нь Бээжин Пхеньянд нөлөөлөх хүчтэй хөшүүрэг хэмээн Вашингтон үзэж буй юм. Хэрэв үүнийгээ ашиглахгүй бол БНАСАУ-тай хамтран ажилладаг Хятадын томоохон компаниуд, тухайлбал, санхүүгийн байгууллагад АНУ дангаар хориг арга хэмжээ авахыг Д.Трамп мэдэгджээ. Хориг арга хэмжээнд орсон байгууллагууд АНУ-ын банк болон корпорацуудтай харилцах боломжгүй болж, Хятадын эдийн засагт хүчтэй цохилт болохыг уг хэвлэлд тэмдэглэжээ.
Зуу хоногийн хугацаа ирэх долдугаар сард дуусах бөгөөд тэр үед Германд болох “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын явцад Хятад, АНУ-ын удирдагчид дахин уулзах боломжтой аж. “Asahi” сонинд тэмдэглэснээр, БНАСАУ хүлээцтэй байгаа гэх зарим шинж тэмдэг бий гэнэ. Тухайлбал, тус улс цөмийн шинэ туршилт хийгээгүй байна.