АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Саудын Арабт айлчилж, улсынхаа түүхэнд хамгийн томд тооцогдох зэвсгийн хэлэлцээр байгууллаа. Талууд иж бүрэн стратегийн түншлэл байгуулахаар тохиролцож, нийт 280 тэрбум долларын хэд хэдэн гэрээнд гарын үсэг зуржээ. Цагааны ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Шон Спайсер твиттер хуудсандаа мэдээлснээр, Саудын Араб АНУ-аас 109.7 тэрбум долларын зэвсэг, тухайлбал, “Black Hawk” нисдэг тэргээс 150-ийг зургаан тэрбум доллароор, тэрчлэн танк, их буу, хуягт техник, эргийн хамгаалалтын хөлөг онгоц, пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах “Patriot”, “THAAD” систем авах болсон байна.
Энэ гэрээ нь тус бүс нутгийн терроризмтой тэмцэх ажиллагаанд жинтэй хувь нэмэр оруулж, АНУ-д ногддог байсан ачааллыг бууруулах гэнэ. Иранаас аюул заналхийлдэг Персийн булангийн бүс нутгийн аюулгүй байдлыг дэмжин сахиулахад тус болох түүхэн айлчлал болсныг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон мэдэгджээ.
Түүний хэлснээр, Ираны улиран сонгогдсон Ерөнхийлөгч Хасан Роуханид тус бүс нутгийн байдлыг тогтвортой болгох боломж бий аж. Иран улс баллистик пуужин туршихаас татгалзаж, иранчуудын үг хэлэх эрх чөлөө сэргэнэ хэмээн найдаж буйгаа Р.Тиллерсон илэрхийлжээ.
Дональд Трамп Эр-Рияд хотод гэргий Меланья, охин Иванка нарын хамт очсон аж. Бүсгүйчүүд толгойдоо алчуур зүүгээгүй гэнэ. Саудын Арабт айлчлахдаа алчуур зүүгээгүй Мишель Обамаг 2015 онд Д.Трамп твиттер хуудсандаа шүүмжилж байсныг Америкийн хэвлэлүүд онцолсон байна. Хүлээн авагч талыг тэргүүн хатагтай доромжиллоо хэмээн Д.Трамп тэгэхэд бичсэн аж. Тэрбээр Саудын Арабын дараа Израиль, Палестин, Брюссель, Ватикан, Сицилд айлчилна.
Саудын Араб Д.Трампыг Барак Обамагаас илүү ёслол төгөлдөр, хүндтэй хүлээн авчээ. Б.Обамад саудчууд дургүй, түүнийг Саудын Арабын гол өрсөлдөгч Ираны талаар зөөлөн байр суурь баримталдаг хэмээн буруушаадаг байв.
Харин Вашингтонд улс төрийн мар-гаантай асуудал их бий ч Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн хувиар хилийн чанадын анхны айлчлалаа улсад нь хийсэнд саудчуудын олонх нь баяртай байлаа. Үнэндээ, лавшруулан харвал бүс нутгийнх нь талаар баримталж буй Америкийн бодлогод жирийн саудчууд сэтгэл дундуур буй аж.
Тэдний үзэж буйгаар, Өрнөдийн орнууд, тухайлбал, АНУ исламын шашны эсрэг байдаг гэнэ. Д.Трамп өнөөдөр исламын шашинт орнуудын 40 удирдагчийн өмнө үг хэлж, уг эргэлзээг арилгахыг оролдох юм. Тэрбээр терроризм болон тэвчишгүй үйлдэлтэй хамтран тэмцэхийг исламын орнуудад уриалах бололтой. Ийм илгээлт явуулахад Д.Трамп тохирох хүн биш гэсэн тайлбар хэвлэлд хэдийнэ гарчээ. Ямартай ч саудчууд түүнд итгэл найдварын томоохон зээл өглөө.