Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Улаан загалмай хороо, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс хамтран дүүргийнхээ зорилтот бүлгийн иргэдэд зориулсан өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгт дүүргийн 16 хорооны орон гэргүй иргэд хамрагдсан бөгөөд эхний ээлжид 65 том хүн, 42 хүүхдийг өдрийн хоолоор дайлж, хувцасаар хангаж, халуун усанд оруулах зэрэг үйл ажиллагаа зохион байгуулав.
Өдөрлөгийн зорилго нь зорилтот бүлгийн иргэдийн ихэнх нь бичиг баримтгүйн улмаас эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээ авч чаддаггүй тул эрүүл мэндийн үзлэгт хамруулж ямарваа нэг өвчний эх үүсвэрийг эрт илрүүлэн эмчлүүлэх мөн эрүүл мэндийн мэдлэг мэдээллийг нь дээшлүүлэхэд оршиж байна. Цаашид энэхүү өдөрлөг нь дүүргийн зорилтот бүлгийн хүмүүсийг хамруулж үргэлжлэн зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байгаа юм.