“Капитал” банкны ажилтан байгууллагынхаа санхүүгийн болон нууцад хамаарах олон тооны мэдээ, баримтыг хулгайлсан хэрэг гарчээ. Тус банкны Баянгол дүүрэг дэх “Капитал таун” салбарын захирал Б.Болотбек гэх эр өнгөрсөн оны зургадугаар сарын 5-нд албан хэрэгцээндээ ашигладаг bolotbek@capitalbank.mn цахим хаягнаасаа “Ажил хүлээлцэх акт” нэрийн доор 16 төрлийн мэдээ, баримтыг хувийнхаа boshko_nice@yahoo.com мэйл хаяг руу илгээсэн аж.
Тэнд нь “Капитал” банкны санхүүгийн болон аж ахуйн үйл ажиллагааны нууцад хамаарах 14 төрлийн мэдээ, баримт байсныг шинжээчид тогтоожээ. Байгууллагынхаа нууцыг хууль бусаар авсан Б.Болотбекийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэм буруутайд тооцож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэлээ.