Нийслэлийн гудамж, талбай дахь нийтийн бие засах 19 газрыг шинэчлэн зохион байгуулах нь. Хот тохижилтын газар дөрвийнх үйл ажиллагааг хариуцаж, бусдыг нь түрээс болон ашиглалтын гэрээгээр хувь хүмүүст эзэмшүүлдэг гэнэ. Дээрх газруудын зургаа нь бохирын, 13 нь дулааны төв шугамд холбогдоогүй байгаа аж.
Бие засах газруудыг халаагуураар халаахад нийт ашиглалтын зардлын тал хувь нь цахилгааны төлбөрт зарцуулагддаг гэнэ. Тиймээс нийслэлийн Захирагчийн ажлын албаныхан нийтийн бие засах эдгээр газрыг менежментийн гэрээгээр ажиллуулахаар болжээ. Ингэхдээ ажилладаггүй, гэр хорооллын гудамжинд байрлах нийтийн бие засах газруудыг дуудлага худалдаагаар зарах гэнэ.
Энэ талаар тус албаны мэргэжилтнээс тодруулахад “Ашиглалтын зардлыг Нийслэлийн төсвөөс гаргахад дарамт учирна. Нэг бие засах газрын ашиглалтын зардалд сард 2.5, жилд 30 сая төгрөг зарцуулна. Тэгэхээр жилд 560 сая төгрөг шаардлагатай. Иймээс бид багцалж, менежментийн гэрээгээр ажиллуулахаар болоод байна.
Хувьчлахдаа дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбогдоогүй газруудыг инженерийн шугам сүлжээнд холбох шийдлийг гарган, хөрөнгө оруулалтын тооцоог хийж өгнө. Мөн шатахуун түгээх станц, банк зэрэг үйлчилгээний байгууллагуудын бие засах газрыг иргэдэд нээлттэй, үнэ төлбөргүй үйлчлэх чиглэлээр холбогдох дүрэм журамд тусгуулж, шийдвэрлүүлнэ” гэлээ.