Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит 19 дүгээр хурлаар нийтийн бие засах газар /City toilet/-ын ашиглалтын үйл ажиллагааны өнөөгийн байдал, тулгарч буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаархи саналыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав.
“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын ашиглалтыг хариуцаж байгаа нийт 19 нийтийн бие засах газраас ашиглалтад эцэслэн хүлээж аваагүй хоёр газар байгаа ба 17 газрын байнгын хэвийн ажиллагааны ашиглалтыг хариуцан ажиллаж байна.
Дээрх 17 газрын 4-ийг Хот тохижилтын газар өөрсдөө, 11-ыг нь түрээс болон ашиглалтын гэрээгээр, нийт 15 газрыг ажиллуулж, 88,2 хувь нь байнгын ажиллагаатай байгаа бол байршил муутай, үйлчлүүлэгч ордоггүй нөхцөл шалтгаанаар ашиглалтад хүлээж авсан 2 газар, тодорхой шалтгаанаар ашиглалтад аваагүй 2 буюу нийт 4 газрыг ажиллуулаагүй, түр зогсоосон байна.
Дээрх 19 газрын 6 нь дулаанд, 19 нь цахилгаанд, 18 нь цэвэр усанд, 13 нь бохир усны шугам сүлжээнд холбогдсон, дулааны шугам сүлжээнд холбогдоогүй 13 газар байна. Дулаанд холбогдоогүй 13 газрын халаалтыг цахилгаан хэрэгслэл ашиглаж халаадгаас цахилгааны зардал өндөр буюу нийт ашиглалтын зардлын 50 орчим хувийг эзэлдэг байна.
Ашиглалт хариуцсан байгууллагаас Захирагчийн ажлын албатай байгуулсан гэрээний санхүүжилтийн хуваарилалт нь хариуцаж буй 19 газрыг бүрэн ажиллуулах зардалд хүрэхгүй байгаа тул дээрх зохицуулалтын арга хэмжээг авч, обьектыг байнгын ажиллагаатай байлгах, ахуйн үйлчилгээг иргэдэд хүргэх түвшинд авч буй зохих арга хэмжээ авч байгаа боловч цаашид энэ байдлаар зохицуулахад хүндрэлтэй, нийслэлийн өмчийг ариг гамтай, зориулалтын дагуу бүрэн ашиглах хүрээнд зохих менежментийн арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байгаа талаар танилцуулсан юм.
Иймд Захирагчийн ажлын албанаас дээрх 19 газрыг менежментийн гэрээгээр ажиллуулах, эсхүл гэр хороололд байрлах ашиглагдахгүй байгаа нийтийн бие засах газруудыг дуудлага худалдаагаар худалдаалах, хэрэв дээрх байдлаар хэрэгжих боломжгүй гэж үзвэл нийслэлийн өмчид хэвээр үлдээх, иргэдэд үнэ төлбөргүйгээр үйлчилгээ үзүүлэх, улмаар ашиглалтын зардлыг нийслэлийн төсвөөс бүрэн шийдвэрлэх асуудлаар саналууд хэлэлцүүлсэн. Нийтийн бие засах 1 газрыг ажиллуулахад сард 2,5 сая.төгрөг буюу жилд 30,0 сая.төгрөг, нийт 19 газрыг ажиллуулахад жилийн ашиглалт, ажилчдын цалин, нийгмийн даатгалын зардал болон элэгдлийн зардалд 560,0 орчим сая.төгрөг шаардлагатай тооцоо судалгаа гарч байгаа юм.
Улмаар нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит 19 дүгээр хурлаар дээрх асуудлуудыг хэлэлцээд нийтийн бие засах газруудыг бүхэлд нь багцалж, менежментийн гэрээгээр ажиллуулах асуудлыг судалж шийдвэрлэх, нийтийн бие засах газрыг зайлшгүй нэмж байгуулах газар, байршлуудын судалгаа гаргаж танилцуулах, дулаан, цэвэр бохир усны шугам сүлжээнд холбогдоогүй газруудыг инженерийн шугам сүлжээнд холбох шийдлийг гарган, хөрөнгө оруулалтын тооцоог хийж танилцуулах, түүнчлэн шатахуун түгээс станц, банк зэрэг үйлчилгээний байгууллагуудын бие засах газруудыг иргэдэд нээлттэй, үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх чиглэлээр холбогдох дүрэм журамд тусгуулж, шийдвэрлүүлэх асуудлуудаар холбогдох чиг үүргийн байгууллагуудад үүрэг болголоо.