БНАСАУ Пёнан-Пукто мужийнхаа Кусон хошуунаас тийрэлтэт пуужин харвасан тухай Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос мэдээллээ. Урьдчилсан мэдээгээр, харвасан зэвсэг нь баллистик пуужин бололтой.
АНУ-ын Номхон далайн командлал БНАСАУ-аас пуужин харвасан баримтыг нотлоод, харвасан пуужин тив хоорондынх биш, Хойд Америкт аюул заналхийлээгүйг тэмдэглэжээ.
Пуужин харвасантай холбогдуулан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө хуралдуулсан байна.
Японы Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Сүга Умард Солонгосоос пуужин харвасныг зэмлэн буруушаажээ. Харвасан пуужин 30 орчим минут нисээд, Японы эдийн засгийн бүсэд хүрэлгүй тэнгист унасан тухай тэрбээр мэдээлсэн байна. БНАСАУ-ын үйлдэл НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг илэрхий зөрчсөн хэрэг хэмээн Ё.Сүга хэлжээ.
БНАСАУ шинэ төрлийн баллистик пуужин туршсан байхыг Японы мэргэжилтнүүд үгүйсгээгүйг “Киодо” агентлаг уламжлав. Японы эрх баригчдын мэдээлснээр, пуужин 1000 км өндөр авч, 700 орчим км зам туулжээ. БНАСАУ өнгөрсөн сарын сүүлчээр ээлжит пуужингаа туршсан нь амжилтгүй болсон билээ.
Пхеньян пуужин харвасны дараа Япон, АНУ, Өмнөд Солонгосын БНАСАУ-ын асуудал хариуцсан тусгай төлөөлөгчид утсаар ярьсныг Японы ГХЯ уламжиллаа.
Мөн Японы ГХЯ-ны Ази, далайн газрын захирал, Умард Солонгосын цөмийн асуудлаарх зургаан талт хэлэлцээнд улсаа төлөөлөн оролцдог Кэнзи Канасүги АНУ-ын Төрийн департаментын БНАСАУ-ын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч, Төрийн нарийн бичгийн даргын туслахын орлогч Жозеф Юн, Өмнөд Солонгосын ГХЯ-ны Солонгосын хойгийн энх тайван, аюулгүй байдлын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Ким Хон Гюн нартай хэлэлцээ хийжээ. Тэд БНАСАУ пуужин харвасантай холбогдуулан мэдээлэл солилцох шаардлагатай талаар санал нэгдэж, НҮБ-ын хүрээнд нягт хамтран ажиллахаа мэдэгдсэн байна. Үүний сацуу БНАСАУ-тай яриа хэлэлцээ хийхийн тулд уулзаж ярилцах нь утгагүй болохыг дахин нотлоод, тус улсад шахалт үзүүлэх хэрэгтэйг онцлон тэмдэглэснийг ГХЯ-ны мэдэгдэлд дурджээ.
Пуужин харвахын өмнө эх сурвалжуудын мэдээлснээр Умард Солонгос нөхцөл байдал бүрдвэл АНУ-тай яриа хэлэлцээ хийнэ гэсэн билээ. Тодруулбал, БНАСАУ-ын ГХЯ-ны АНУ-ыг хариуцсан газрын дарга Чой Сон Хуй Хятадын нийслэлээс Пхеньян руу буцахынхаа өмнө сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдсэн аж. Өнгөрсөн долоо хоногийн эхээр тэрбээр Норвегийн Осло хотод АНУ-ын өмнөх Засгийн газрын албаны хүмүүс, тэдний дотор Билл Клинтоны засаг захиргааны үед Төрийн нарийн бичгийн даргын орлогчоор ажиллаж байсан Томас Пикерингтэй уулзаж, ярилцсан юм. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай уулзах нь миний хувьд нэр төрийн хэрэг байх болно гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын эхээр мэдэгдсэн билээ.