Жил бүр зохион байгуулдаг “Автомашингүй өдөр” арга хэмжээ, “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 20-нд найм дахь жилдээ болно. Тэгвэл эл өдөр Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Баруун дөрвөн замын уулзвараас Зүүн дөрвөн зам, Сөүл, Бээжин, Анкара болон Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлах тул энэ гудамж, авто замаар зорчдог 34 чиглэлийн 331 автобусны маршрутыг өөрчлөхөөр болжээ. Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн тээврийн хэрэгслүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуураа Нарны зам, Намъяанжугийн гудамжаар зорчих аж. Харин хойноос урагш, урдаас хойш босоо чиглэлд явдаг автобусууд Баруун дөрвөн зам, Нарны гүүр, Зүүн дөрвөн замаар явна. Мөн Энхтайваны өргөн чөлөөний авто замын зарим хэсгийг нь хаах учир тухайн өдөр “Таван шар-Ботаник”, “Ботаник-Вокзал”, “3, 4 дүгээр хороолол-Офицеруудын ордон” чиглэлийн троллейбус үйлчилгээнд явахгүй гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээлэв.