200 гаруй үйлдэлтэй, 23 холбогдогчтой, 200 гаруй сая төгрөгийн хохирол бусдад учруулсан хулгайн хэргийг Мөрдөн байцаах албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөх хэлтэст шалгаад, удахгүй шүүхэд шилжүүлэхээр болжээ. Эрхэлсэн тодорхой ажилгүй, боловсрол, мэргэжилгүй, зарим нь бичиг үсэг мэдэхгүй 20-30 насны залуус дээрх бүлэг хэрэгт холбогдоод буй аж.
Тэд зургаан дүүрэг, гурван аймгийн нутгаар сэлгүүцэж, автомашины эд анги, зурагт, зөөврийн компьютер, алт, үнэт эдлэл хулгайлдаг байсан гэнэ. Өдгөө тус хэлтсийнхэн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрынхантай хамтран сэжигтэн, яллагдагч нарын холбогдсон хэргийг шалган шийдвэрлэж буй юм билээ.
Дашрамд дурдахад, манай улсад жилд дунджаар 27000 гаруй гэмт хэрэг бүртгэгддэгээс 33.3 хувийг нь хулгайн хэрэг дангаараа эзэлж буй бөгөөд жилдээ 17.2 тэрбум төгрөгийн хохирол учруулж байгаа юм.