Саудын Арабын иргэн Салем Аль-Анзи гэдэг эр охиндоо Иванка Трамп гэсэн нэр өгчээ. Гэтэл шинэ хүнийхээ нэрийг солихгүй бол төрсний гэрчилгээ өгөхгүй гэж албаныхан мэдээлсэн аж. Учир нь 2014 онд тус улсад баталсан хуулиар бол хүүхдэд гадаад нэр өгөхийг хориглосон юм байна.
Гэсэн хэдий ч охины аав Иванка Трамп гэдэг нэрнээс татгалзахгүй гэдгээ цахим ертөнцөөр цацаж, улс орныхоо удирдлагыг шүүмжилжээ. Харин тухайн улсын иргэний бүртгэлийн газрынхан Иванка Трампыг Лума гэдэг нэрээр бүртгэж авсан талаараа мэдээлжээ. Лума гэдэг нь арабаар улаан уруултай бүсгүй гэсэн утгатай гэнэ.
Шинэ төрсөн хүүхдийн нэртэй холбоотой өөр нэгэн мэдээ байна. Сирийн Тартус хотод мэндэлсэн нэгэн хүүд ОХУ-ын Ерөнхийлөгчийн нэрийг өгчээ. Нялх Владимир Путиний аав “Би цэргийн хүн. Эх орныг минь сүйтгэж, туйлдуулан, олон хүний амиар наадсан алан хядагчидтай тэмцэхэд Орос улс бидэнд маш их тусалж байгаад талархан ийм нэр сонгосон” гэжээ.