БНСУ-ын иргэд Пак Гын Хэгийн халааг авах шинэ Ерөнхийлөгчөө сонголоо. Энэ сонгууль болох ёстой хугацаанаас долоон сарын өмнө болж байгаагаараа онцлог юм. Сүүлийн санал асуулгаас үзвэл тус улсын хамгийн том хүчин болох ардчилсан “Тобуро” намаас нэр дэвшигч Мун Жэ Ин ялах магадлал өндөр байна. Түүний хамгийн ойрын өрсөлдөгч нь Ардын намын Ан Чхоль Су, Чөлөөт Солонгос намын Хон Жун Пхё нар байх аж.
Пак Гын Хэг огцруулсны дараах Өмнөд Солонгосын улс төрийн хүнд байдал энэ удаагийн сонгуулийн гол асуудлуудын нэг байв. Мөн БНАСАУ цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө хөгжүүлж буй талаарх нэр дэвшигчдийн санал бодол харилцан адилгүй байна. Мун Жэ Ин яриа хэлэлцээ хийхийг чухалчилдгаа онцлон тэмдэглэжээ. Ан Чхоль Су нь Пхеньянд авсан хориг арга хэмжээг чангатгахыг дэмжиж буй бол Хон Жун Пхё илүү идэвхтэй, хатуу арга хэмжээ авахыг уриалсан байна. Энэ сонгууль Зүүн Азийн, тухайлбал Японы байдалд нөлөөлөх магадлал өндөр буйг NHK онцолжээ.
Пак Гын Хэг сонгосон үеийнхээс сонгогчдын идэвх сул байгааг Үндэсний сонгуулийн комисс нь санал хураалт эхлэх үед мэдэгдэв. Гэхдээ энэ жил БНСУ-ын сонгуулийн түүхэнд анх удаа урьдчилсан санал хураалт хоёр өдөр үргэлжилж, түүнд 11.07 сая хүн буюу сонгогчдын 26.06 хувь нь оролцсон байна.
Сонгуулийн дүнг өнөөдөр үдээс хойш танилцуулна. БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль Пхеньянтай харилцах талаар таатай байр суурь баримталдаг засаг захиргааг бий болгоно хэмээн Умард Солонгос найдаж байна. Энэ тухай тус улсын Хөдөлмөрийн намын хэвлэл болох “Нодон Синмун” сонинд гарсан нийтлэлд дурджээ. Шинжээчдийн үзэж буйгаар Ардчилсан намаас нэр дэвшигчийг сонгуульд ялж, сүүлийн есөн жилд анхны шинэчлэлийн Засгийн газар байгуулна хэмээн Пхеньян найдаж буй аж. Мун Жэ Ин нь Умард Солонгосын талаар нааштай байр суурь баримталдаг байсан Ерөнхийлөгч Но Му Хёны Тамгын газрын тэргүүнээр ажиллаж байжээ.