Дэлхий орчмын тойрог зам дахь сансрын хог хаягдлын тоо энэ оны нэгдүгээр сарын 4-нөөс дөрөвдүгээр сарын 4-ний хооронд 471-ээр нэмэгдсэний 298 нь АНУ-ынх гэж тус улсын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвөөс (НАСА) мэдэгдлээ. Одоо дэлхий орчмын тойрог зам дахь сансрын биетүүдийн тоо 18347 болсны 4434 нь ажиллагаатай болон ашиглалтаас гарсан хиймэл дагуул, 13913 нь хиймэл дагуулыг тойрог замд оруулсан пуужин, сансрын техникийн сэг байна.
НАСА-гийн мэдэгдсэнээр, сансрын хог хаягдлын 6501 нь (энэ онд шинээр 155 хог хаясан) ОХУ-ынх аж. Ийм үзүүлэлтээр АНУ дэлхийд хоёрдугаарт (6017), Хятад улс гуравдугаарт (3801) орж байна. ОХУ сансрын хог хаягдлын талаар мэдээлэл нийтэлдэг байснаа өнгөрсөн оны сүүлчээс больжээ. Уг асуудлыг шийдэхгүй бол манай гаригийн сансрын үйлдвэрлэл 100 эсвэл 200 жилийн дараа зогсож болзошгүй гэнэ.