Дөрвөн настай охиныг зодож, тарчлаан амийг нь хохироосон хэрэгт холбогдсон Г.Маралмаа Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд хавтаст хэрэгтэйгээ танилцаж байх үедээ хүлээлгийн өрөөнд шүүхийн цагдаагийн ажилтан, дэслэгч Б-д хүчирхийлүүлсэн хэмээн гомдол гаргажээ. Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс энэ мэдээллийн дагуу шалгаж байх хооронд дэслэгч Б нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд байдаг гэртээ боомилж амиа алдсан байжээ. Амиа хорлосон цагдаагийн офицер “Ингэж гүтгүүлж амьдарч чадахгүй” гэсэн утга бүхий гэрээслэл бичиж амиа хорлосон тухай мэдээлэл бий. Г.Маралмаа өнгөрсөн сарын 28-нд ийм гомдол гаргасан бөгөөд тэр даруйд нь Тусгай субъектийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн Б-гээс болон хамт байсан цагдаагаас тайлбар мэдүүлэг авчээ. Тэд “Хүчирхийлсэн явдал болоогүй. Толгой өвдөөд байхаар нь түүнийг өрөөндөө оруулж, бариулсан гэж мэдүүлсэн аж.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс “Г.Маралмаагийн хүчирхийлүүлсэн тухай мэдээллийн дагуу Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтсийнхэн хамтран шалгалт хийж эхэлсэн. Шалгуулж байсан цагдаагийн офицер амиа алдсан хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа. Г.Маралмаа өөрөө гомдол гаргаагүй, хүчирхийлүүлсэн тухай мэдээллийн дагуу шалгаж байсан” гэдгийг хэллээ. Иргэд, олон нийтийн цахим сүлжээгээр “Г.Маралмаа хэргээ сунжруулахын тулд цагдаагийн ажилтныг гүтгэх ийм байдалд хүргэлээ” хэмээн бухимдаж байгаа юм.