ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, Санхүү, хангалт, үйлчилгээний газрын дарга асан, хурандаа Р.Дадам, Хангалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Л.Билэгдэмбэрэл нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд өнгөрсөн оны наймдугаар сараас хойш шалгаж байгаа билээ. Онцгой байдлын алба бол Шадар сайд У.Хүрэлсүхийн шууд удирдлагад байдаг агентлаг. Цас зуд, үер, гал түймэр, осол гээд хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой бүх л гамшгийн өөдөөс энэ албаны залуус явдаг. Ажлаа ч сайн хийдэг. Гэтэл эх орон, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалдаг залуусын итгэл үнэмшлийг ОБЕГ-ыг толгойлсон үе үеийн дарга, хариуцсан сайд нь унагаж, зарим нь дээлээ нөмөрч, хууль хяналтын байгууллагаар эргэлдэж ирсэн билээ. Генерал П.Даш ял шийтгүүлж байсан бол өнөөгийн дарга, бригадын генерал Т.Бадрал нь бас л шалгуулж байна. Т.Бадрал, Р.Дадам, Л.Билэгдэмбэрэл нарт холбогдох хэргийг маш нууц гэсэн ангилалд оруулаад, мөрдөн байцаалт нь ямар шатанд байгааг мэдэх боломжгүй болгочихоод буй. Гэхдээ олон эх сурвалж дээрх хүмүүст холбогдох хэрэгт нэг бус үйлдэл нэмэгдэн шалгуулж байгааг баталлаа.
“ОНЦГОЙ ХОТХОН”-Ы ЗАХИАЛАГЧИД ОБЕГ-ТАЙГАА ЗАРГА ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 63 дугаар ангийн хашаанд онцгой байдлын алба хаагчдад зориулан “Онцгой хотхон” нэртэй 512 айлын орон сууц “Их мандуул” компаниар бариулахаар болсон. 2016 оны зургадугаар сард орон сууц бариулах гэрээ байгуулж, энэ оны долдугаар сарын 18-нд ашиглалтад оруулна гэжээ. Онцгой байдлын алба хаагчид хуруу хумсаа хуйхлан, өр шир тавьж байгаад урьдчилгаа мөнгөө өгчихөөд буй. “Их мандуул”-ынхан барилгын ажлыг гүйцэтгэгч “Шонхорын хүсэл” ХХК-ийг залилан мэхэлсэн байж болзошгүй нөхцөл байдал үүсэж, хууль хяналтын байгууллагынхнаар гэм буруутай, эсэхээ шалгуулж байх хооронд дээрх хотхонд захиалгаа өгсөн олон офицер, ахлагч хохироход хүрээд буй юм. ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн “Их мандуул” ХХК-ийн захирал М.МөнхЭрдэнэд холбогдуулан 201701000079 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн, харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтэст шалгуулахаар шилжүүлжээ.
Орон сууцны захиалга өгсөн алба хаагчид нь ОБЕГ-ын Барилга захиалагчийнхаа албанд хандаж, болж буй үйл явдлыг тодруулахад “Юу ч болоогүй. Барилгын ажил хэвийн үргэлжилж байгаа. Тайван байцгаа. Хугацаандаа ашиглалтад орно” гэсэн тайлбар өгдөг гэнэ. Гэвч “Шонхорын хүсэл” ХХК-ийнхнаас учрыг тодруулахад “Бусдыг залилан мэхэлсэн үндэслэлээр Их мандуул”-ын захирлыг цагдаагийн байгууллага шалгаж байгааг хэлж, баримтыг нь үзүүлэв. Эхэндээ захиалагчдын төлөөлөл ганц нэгээрээ “Шонхорын хүсэл”-ийн удирдах албан тушаалтнуудтай уулзаж байсан бол хэд хоногийн өмнө Түр хороо байгуулж, хамтран тэмцэхээр болоод буй гэнэ. Завхан, Дорноговь гээд орон нутгаас олон хүн тус хотхонд захиалга өгсөн байгаа юм билээ. “Тэтгэвэртээ гараад суурин газар бараадъя, хүүхдээ оюутан болоход хот руу орно” гэж тооцсон жирийн алба хаагч олон хүн хохирч болзошгүй байгаа учраас ийнхүү Түр хороо байгуулж буй аж.
Бидний авсан мэдээллээр Онцгой байдлын албаны хот, хөдөөгийн салбарт ажилладаг 150 гаруй алба хаагч “Онцгой хотхон”-д захиалга өгчихөөд байгаа юм билээ. Хэдийгээр тэд урьдчилгаа 30 хувиа гүйцэд төлж чадаагүй ч зургаан саяас дээш 20 сая хүртэл төгрөг “Голомт” банкин дахь “Их мандуул” компанийн дансанд хийсэн гэдгийг эрх ашгаа хамгаалах Түр хорооны төлөөлөл ярилаа. “Уг мөнгө хаашаа орсныг, хэний ямар тушаал шийдвэрээр, тендер, сонгон шалгаруулалт гэж ямар юм болж “Их мандуул”-тай гэрээ байгуулав, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал болон энэ компанитай гэрээ байгуулсан удирдах албаны дарга нараас хохирлоо нэхэмжилж, иргэний хариуцагчаар татуулах болно” хэмээн нэг ажилтных нь аав ярьж байлаа.
Онцгой байдлын албаны алба хаагчдад дээрх хотхоны ам метр талбайн үнийг 1.1 сая төгрөгөөр тооцон гэрээ байгуулсан юм билээ. Харин “Шонхорын хүсэл” компанитай “Их мандуул” гэрээ байгуулахдаа ам метр талбайг 800 мянган төгрөгөөр тооцсон байна. Дундаас нь 300 мянган төгрөг унагаж байгаа гэсэн үг. Мэдээж ашиг гаргаж байгаа нь ойлгомжтой. ОБЕГ-ын удирдлагууд алба хаагчдынхаа нийгмийн асуудалд үнэхээр санаа тавьдаг байсан бол 1.1 саяар бус, 800 мянган төгрөгөөр бариулах нь жирийн алба хаагчдад нь ашигтай баймаар. Гэтэл зарим албан тушаалтан нь “Миний нэр дээр өгсөн байрыг энэ хүн рүү шилжүүлчих” гэх мэтээр барьж дуусгаад ашиглалтад оруулчихсан юм шиг ярьж байсан нь удирдах албан тушаалтнуудад ямар нэг ашиг сонирхол байгаа юм биш биз гэсэн хардлага төрүүлж буй юм.
Түүнээс гадна ОБЕГ-аас “Онцгой хотхон”-ы барилгын ажлыг шалгаад “Их мандуул” гэрээний үүргээ биелүүлээгүй, зөрчсөн, барилга угсралтын ажлыг цалгардуулсан зэрэг нөхцөл байдал үүсээгүй байна. Манай байгууллагаас байр захиалсан алба хаагчдын эрх ашиг хөндөгдөөгүй гэсэн хариу “Шонхорын хүсэл”-д хүргүүлсэн аж. Нэг ам метрээс 300 мянган төгрөг илүү авч, дунд нь ченж хийснийг алба хаагчдынх нь эрх ашгийг зөрчөөгүй гэхэд боломгүй. Хариуцсан сайд У.Хүрэлсүх жирийн алба хаагчид чинь хохирч болзош гүй нөхцөл байдал үүсээд байгааг мэдээгүй юм биш биз.
ГАРААШИЙН БАРИЛГЫН ХӨРӨНГӨӨС ЗАВШСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ГЭЭД ХЭРЭГ ҮҮСГЭЖЭЭ
ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, О.Санхүү, хангалт, үйлчилгээний газрын дарга асан, хурандаа Р.Дадам, Хангалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Л.Билэгдэмбэрэл нарыг АТГ-ынхан өнгөрсөн оны долдугаар сарын сүүлчээр шалгахдаа тендерийн шаардлагад нийцээгүй автомашин өндөр үнээр авсан гэх мэт хөрөнгө, санхүүтэй холбоотой нэг бус үйлдэлд сэжиглэн шалгаж эхэлсэн байдаг. Шалгалтын явцад хурандаа Р.Дадам хөрөнгө орлогын мэдүүлэгтээ байр, автомашинуудаа мэдүүлээгүй нь тогтоогдсон учраас АТГ-аас Авлигын эсрэг хуулийн дагуу албан тушаалаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах шаардлагыг ОБЕГ-ын даргад хүргүүлжээ. Гэвч нүглийн нүдийг гурилаар хуурна гэгчээр хариуцлага тооцсон дүр эсгэж, ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны дэд дарга гэсэн албан тушаалд томилсон аж. Мөн бие нь тааруу гээд алба хаагчдаасаа хандив цуглуулахаар болсон гэнэ.
Дээрх хүмүүсийн үйлдэл дээр нэмж, ОБЕГ-ын Хангалт үйлчилгээний ангийн захирагч, хурандаа С.Бямбасүрэнг шалгаж эхэлсэн тухай мэдээлэл бидэнд ирлээ. Гэхдээ, албан тушаалаас нь түдгэлзүүлээгүй, ажлаа хийж байгаа талаар ОБЕГ болон АТГ-ынхан хэлсэн. Т.Бадрал, С.Бямбасүрэн зэрэг хүнийг Жаргалантын аманд барьсан шилэн гарааш болон Нөхөн сэргээх төвийн барилгын засварын хөрөнгөөс завшсан байж болзошгүй хэмээн шалгах болсон гэнэ. Богд хан уулын Жаргалантын аманд ИНЕГ-ынхан байгуулсан барилгыг ОБЕГ-ын алба хаагчдын нөхөн сэргээх, сувиллын төв болгохоор шилжүүлсэн юм. Түүнийх нь дэргэд хоёр ч барилга барих, засах ажлыг өнгөрсөн зун Хангалт үйлчилгээний ангийн жолооч нар хийжээ. Зуны гурван сар буюу тавдугаар сараас наймдугаар сарын сүүлч хүртэл тэднийг өдөрт 10 гаруй цаг ажиллуулсан гэдэг.
Барилгачдад төсөвлөсөн хөрөнгийг дарга нар нь “завшчихаад” жирийн алба хаагчдаа ажиллуулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон учраас ийнхүү Т.Бадралыг Бямбасүрэнгийнх нь хамт шалгаж эхэлсэн талаар ОБЕГ-ынхан ярьж байна.
Жаргалантын аман дахь ОБЕГ-ын харьяа дээрх төвд өнгөрсөн зун хийсэн өөр нэг бүтээн байгуулалт нь шилэн гарааш. Энэ гараашийг барих тендерт Т.Бадрал нартай хамт шалгуулж буй Р.Дадамын эхнэрийнх нь дүүгийн нэр дээр байдаг компани ялсан гэсэн мэдээллийг ОБЕГ-ын эх сурвалж өгсөн. 500-гаад сая төгрөгөөр шилэн гарааш барьсан нь АТГ-ынхны анхааралд өртжээ. Мэргэжлийн байгууллагаас дээрх барилгад 100 гаруй сая төгрөг зарцуулсан гэх дүгнэлт гаргаад байгаа юм билээ.