“Бөмбөгөр” худалдааны төвд харгалзах хүнгүй, ганцаараа явж буй охины зураг өнгөрсөн сард олон нийтийн сүлжээгээр тарсан юм. Уг мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн шалгаж, охиныг ээж нь санаатай төөрүүлсэн болохыг тогтоожээ. Охины ээж 24 настай Ч нь нэгэн залуутай хамт амьдрахын тулд охиноо төөрүүлсэн байж. Тэрбээр “Охиноо ээждээ өгөх гэсэн боловч авахгүй гэсэн. Тэгээд худалдааны төв дотор орхиод явсан” хэмээн мэдүүлжээ. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтсийн эх сурвалж “Өнгөрсөн сарын 14-нд иргэн Ч, С нар нэг ой долоон сартай охины хамт “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун хаалгаар орсон нь камерын бичлэгээс тодорхой болсон. Ээж нь чихэр худалддаг лангууны дэргэд охиноо үлдээгээд, зүүн хаалгаар нь гарч зугтсаныг илрүүлсэн” гэв. Өдгөө Ч-г хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа аж.