Төрийн банкны гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байсан Т.Дорждэрэм болон Сүхбаатар аймгийн орон нутгийн өмчит “Дөрвөлж” компанийн захирал Ц.Алтансүх нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ.
Сүхбаатар аймгийн ИТХ дахь АН-ын бүлгийн төлөөлөгч, “Дөрвөлж” компанийн захирал Л.Алтансүх Төрийн банкны гүйцэтгэх захирлын орлогч Т.Дорждэрэмд 25 сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан юм. Орон нутгийн мэдлийн өмчийг Ц.Алтансүх төрийн өмчит Төрийн банкинд 800 сая төгрөгийн барьцаанд тавихдаа Т.Дорждэрэмд дээрх хэмжээний мөнгө өгсөн нь мөрдөн байцаалтын явцад цугларсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоогдсон гэж анхан шатны шүүх үзжээ. Тиймээс хахууль авсан Т.Дорждэрэмд таван жил нэг сар хорих ял, Ц.Алтансүхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оноов. Хэрэв давж заалдах болон хяналтын шатны шүүх уг ялыг хэвээр баталбал Сүхбаатар аймгийн ИТХ-д МАН олонх болох аж.