Нийслэлийн ногоон бүсийн нэг Сүхбаатар дүүргийн нутаг, Бэлх, Сэлхийн зуслангийн бүсийн Хадатын аманд “Хадат вилла” хэмээх амины орон сууцны хороолол бариад гурван жил болох гэж байна. Энэ хотхоныг барих газраа авахаас эхлээд хууль зөрчсөнийг хууль сахиулагчид баримтжуулсан талаар бид 2016 оны аравдугаар сарын дугаартаа мэдээлж байв. Тодруулбал, “Хадат вилла”-г байгуулахын тулд Баянзүрх, Сүхбаатар, Баянгол дүүргийн Газрын албаны дарга нарт бусдаар дамжуулан нөлөөлж, ихээхэн хэмжээний мөнгө халаасанд нь “шургуулсан” нөхцөл байдал тогтоогдсон учраас уг хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй хэмээн бид мэдээлсэн.
Нэлээд хугацааны турш шалгасан дээрх хэргийн мөрдөн байцаалт дуусаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хэргийг нь өнгөрсөн сарын эхээр шилжүүлсэн аж. Прокурор хавтаст хэрэгтэй танилцаж дуусаад зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгосон талаар тус байгууллагын эх сурвалжууд хэллээ.
Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүх, Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга С.Бямбадорж, Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Т.Мөнхбаатар нар эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, 40 айлын нэр дээр газар давхардуулан, кадастрын зурганд нь өөрчлөлт хийх гэх мэтээр “Хадат вилла” хотхоны газрыг олгосон хэрэгт буруутган АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгасан юм. Ингэхдээ “Хадат вилла” төслийн захирал Ц.Баасандоржоос хахууль авсан хэмээн сэжиглэсэн билээ. Захирал Ц.Баасандорж хотхоныхоо тэрбум орчим төгрөгөөр үнэлэгдэх нэг хаусыг Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга С.Бямбадоржид өгсөн хэмээн хэн хэн нь сэжигтэн, яллагдагчаар татагдсан. Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүхийг МУИС-д багшилдаг хуульч, өмгөөлөгчөөрөө дамжуулан БНХАУ-ын иргэнээс хахууль авсан хэрэгт шалгаж эхэлсэн билээ. Түүнээс улбаалаад Нийслэлийн Өмч, газрын алба, Баянгол, Сүхбаатар дүүргийнхнийг шалгасан юм. Мөрдөн байцаалтын явцад Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга С.Бямбадорж “Хадат вилла” төслийн захирал Ц.Баасандоржоос хахууль авсан үйлдэл нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ.
Ц.Баасандоржийн хувьд хээл хахуулийн хэргээс гадна байгаль орчинд хохирол учруулсан хэмээн МБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгуулсан юм. Түүнд Эрүүгийн хуулийн 204.3-т заасан “Газрын хэвлий ашиглах, хамгаалах журам зөрчсөн” хэмээн яллах дүгнэлт үйлдэн прокурорын хяналтад шилжүүлсэн аж. Гэвч хэд хэдэн удаа мөрдөн байцаалтад буцаажээ. Учир нь “Цоба хаус”-ийнхан байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэнэ. Тус хотхоныг барихдаа ойр орчмын мод бутыг булгалсан, голын голдирол өөрчилсөн, уулын горхи уг хотхоныг барьснаас болж тасарсан гэх зэргээр оршин суугчид гомдол гаргасны дагуу МБГ-ынхан шалгаад мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулахад экологид 300 сая төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн байдаг. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол уг мөнгийг 2-3 дахин нугалж төлөх хууль манайд үйлчилж буй учраас “Хадат вилла”-г бариулсан “Цоба хаус” компанийнхан дээрх мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэнэ.