Хүний амь хороосон хэргийн тоо, түүний давтамжаараа Латин Америк дэлхийд толгой цохидог юм. Ийм гурван гэмт хэргийн нэгийг нь чухам энэ бүс нутагт үйлддэг гэж үздэг. НҮБ-ын мансууруулах бодис, гэмт хэргийн асуудал эрхэлсэн газарт ийм баримт байдаг аж. Хүн алсан хэрэг Бразил, Колумб, Сальвадор, Гватемал, Гондурас, Мексик, Венесуэлд бусдаасаа илүү гардаг. Уг гэмт хэргийн цар хэмжээг мэдэхэд одоо дурдах баримт тус болно. “Талибан” хөдөлгөөний эсрэг НАТО тусгай ажиллагаа явуулсан 2001-2014 онд Афганистанд 26 мянга орчим хүн амь үрэгджээ. Энэ хугацаанд Гондураст 67 мянган хүн гэмт үйлдлийн золиос болсон байна. Гэтэл Төв Америкийн энэ улсын хүн ам Афганистаныхаас гурав дахин цөөн. Эрх баригчид нь хүч хэрэглэсэн гэмт хэргийн тоо баримтыг олон түмнээсээ нуудаг болохоор бодит үзүүлэлт үүнээс өндөр байх магадлалтай гэж шинжээчид үздэг байна.
Венесуэлийн иргэд хүний амь хороосон хэрэгт үнэндээ нэгэнт дассан гэж хэлж болно. Хүч хэрэглэж үйлдсэн аллагын тоогоор Каракас (нийслэл) хот бусдаасаа хол түрүүлдэг аж. НҮБ-ын баримтаар бол 2001 онд 100 мянган хүнд 50 орчим аллага ногдож байсан бол 2014 онд бараг 80, хоёр жилийн дараа 90 хүрсэн нь дэлхийн дундаж үзүүлэлтээс 20 дахин их гэсэн үг. Энэ нь бас л барагцаа тоо, эрх баригчид албан ёсны статистикийг нууцалдаг болохоор бодитой баримт олддоггүй.
Бодит байдал үнэн хэрэг дээрээ тун аймшигтай. Эндхийн оршин суугчид дотор найз нөхөд, танил нь юм уу, төрөл садангийнхнаас нь гэмт хэрэгтнүүдийн гарт амиа алдаагүй хүн бараг байдаггүй. Ашгийн бус нэгэн байгууллагаас хүмүүсийн нэрийг нууцлан хийсэн асуулгад оролцогчдын гуравны хоёр нь оршин суудаг газарт нь сүүлийн 12 сард хүний амь хороосон хэрэг гарсан гэж хариулсан байна.
Гэмт хэрэгтнүүдийн гарт хэн ч өртөж мэднэ. 2004 онд Венесуэлийн сайхан бүсгүй болж байсан Моника Спир, түүний нөхөр Генри Берри хоёрыг 2014 оны нэгдүгээр сарын 6-нд хөнөөж, таван настай охиныг нь шархдуулсан байна. Энэ гэр бүлийнхний сууж явсан машин эвдэрснээс ойн цоорхойд тэд зогсжээ. Байдлаас үзэхэд гэмт хэрэгтнүүд Моника, Генри хоёрыг дээрэмдэх бодолтой байсан чинь тэд эсэргүүцэх гэж оролдсоноос сумаар сийчүүлэн амиа алдсан аж. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро телевизээр үг хэлэхдээ дурдах хэмжээнд хүртэл энэ гэмт хэрэг “өндөр авсан” байна. Энэ хэргийг үйлдсэн байж болох алуурчныг хэдэн өдрийн дараа баривчилжээ. Тэгэхдээ ийм хэргийг ингэж хурдан илрүүлнэ гэдэг ч эргэлзэх бодол эрхгүй төрүүлнэ.
Энэ оны гуравдугаар сард өөр нэг жигшүүртэй хэрэг гарчээ. Энгийн хувцас өмссөн цагдаагийн хоёр ажилтан гадаа тамхилаад зогсож байж. Тэдэн рүү хоёр банди гүйж ирээд нэгнийх нь хажууд байсан цүнхийг аваад зугтаачихав. Цагдаа нар тэдний араас хөөгөөд нэг булан тойртол хутгаар зэвсэглэсэн бага насны гэмт хэрэгтнүүдийн бүхэл бүтэн “арми” хүлээгээд байж байх нь тэр. Цагдаа нарын нэг нь хутгалуулаад газар дээрээ нас барж, хүнд шархадсан нөгөөхийг нь эмнэлэгт хүргэсэн ч удалгүй амьсгал хураажээ.
Дашрамд хэлэхэд, алуурчид зөвхөн хүйтэн зэвсэг хэрэглэхгүй. Эндхийн долоон их сургуулийн судлаачид хэлэхдээ хүч хэрэглэсэн гэмт хэргийн ихэнхийг нь хууль бусаар эзэмшдэг галт зэвсэг ашиглаж үйлддэг гэсэн байна. Венесуэлчүүдийн гар дээр 5-13 сая бүртгэлгүй буу байдаг аж. 29 сая хүнтэй улсын хувьд энэ нь хэрээс хэтэрсэн үзүүлэлт юм.
Мадуро зэвсгээ хураалгахад нь гэмт бүлэглэлүүдийн гишүүдэд 2016 оны тавдугаар сард гурван сарын хугацаа өгсөн байна. Энэ шаардлагыг биелүүлэхээс татгалзвал Зэвсэгт хүчин, үндэсний цагдаагийн байгууллага, эрүүгийн эрэн сурвалжлах болон аюулгүй байдлын албаныхныг дайчлан хатуу ширүү, эрс шийдмэг хандана гэж амласан ч Мадурогийн энэ үг хоосон сүрдүүлэг болж үлдсэн аж.
27 настай Карлос Гайтан гэгчийг хүн амины олон удаагийн хэрэгт сэжиглэн Гватемалын цагдаагийн байгууллага өнгөрсөн оны арваннэгдүгээр сард баривчлав. Мөрдөн байцаагчдын үзэж буйгаар энэ залуу зөвхөн 2016 онд л 40-өөс доошгүй хүний аминд хүрчээ. Тэдний ихэнх нь худалдаа эрхэлдэг, ачаа бараа зөөдөг хүмүүс байсан аж. Гайтан тэднээс мөнгийг нь дээрэмдэж авдаг байв. Solo Para Locos гэдэг бүлэг урьдчилсан байдлаар 100 орчим аллага үйлдсэн байна.
Гватемалд 1.2-1.9 сая нэгж галт зэвсэг байдаг бөгөөд барагцаалбал тэн хагас нь хүмүүсийн эзэмшилд хууль бусаар байдаг гэнэ. Хүний амь хороосон хэргийн 90 орчим хувийг нь галт зэвсэг хэрэглэж үйлддэг аж. Тус улсад машинаар яваа хүмүүс рүү дайрч довтлох хэрэг ихэд түгээмэл бөгөөд ашиг орлоготойд тооцогддог юм байна. Дээрэмчид хөдөөгийн замд ийм хэрэг үйлдэхийг илүүд үздэг гэнэ. Жуулчид зөөж яваа автобусыг зогсоон мөнгө, гоёлын эдлэл, утас, фото аппарат, видео камерыг авна. Эсэргүүцэх гэж оролдох төдийд бууныхаа гохыг дарж орхино.
Айлган сүрдүүлэх зорилгоор аллага үйлдэх нь энд ихээхэн түгээмэл. 2014 оны тавдугаар сард Касерио-ла-Бомбын аллага гээчийг үйлджээ. 29 хүн амиа алдсаны дотор хүүхэд ч байж. Хохирогчдын толгойг нь тасдаад, байшингийн ханан дээр цусаар нь анхааруулж, заналхийлсэн агуулгатай зүйл бичсэн байв. Орон нутгийн хэвлэлд бичсэнээр бол энэ жигшүүрт хэргийг 200 орчим хүн үйлдсэн байлаа. Нэг таамаглалаар бол эндхийн хүмүүс мансууруулах бодис наймаалагчдын бүлэглэлүүдийн хоорондын тэмцлийн хөлд үйлээ үзэж байдаг аж. Цагдаа нар толгойлогчийг нь баривчилсан бүлгийн хүмүүс үүнийг үйлдсэн байж болох юм гэж зарим хүн үзэж байв. Энэ алуурчид “хэн нь эзэн бэ” гэдгийг эрх баригчдад сануулахыг хүссэн аж.
Дээрэмчин, алуурчдын эгнээнд эндхийн хүмүүс өсвөр насандаа, үүнээс эрт ч элсчихдэг юм байна. Тэднийг хоёр үе шатаар шалгана. Жаал хүүг эхлээд бүлэглэлийнхэн зодно, дараа нь “өөрөө ал, эсвэл чамайг ална” гэсэн гол дүрмээ тайлбарлана. Удалгүй хоёр дахь шат нь эхэлж хүүг дээрмийн өөр бүлэглэлийн хяналтад байдаг газар руу буу бариулаад явуулна. Жаал хүү тэнд очоод өрсөлдөгч бүлгийн хүнийг буудах ёстой. Энэ шалгуурыг давж гарсны дараа л гэмт хэргийн хамт олны дотор орох эрхтэй болно. Эндээс гарах ердөө хоёр л зам байдаг нь шорон, булш юм.
Хүүхэд, өсвөр насныхныг алуурчин болгож ашиглах явдал түгээмэл байдаг нь их башир арга. Хүний амь хороосон хүнд Гватемалд 50 жил хорих ял оноодог хуультай ч залхаах энэ бодлого насанд хүрээгүй хүнд үйлчилдэггүй. “Дайны үед ч ийм хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Тэгтэл одоо хүүхдүүд л гар буу, хутга бариад явж байх болж, үүнээс л айж байна” хэмээн ахимаг насны гватемал хүн ярьж байна. “Дайн” гэдэг нь 1996 онд дууссан иргэний дайныг хэлж буй хэрэг.
Өрсөлдөгчидтэйгөө зэвсэг зөрүүлэх, эсвэл цагдаа нар болон армийн дайчидтай буудалцах үеэр дээрэмчид өөрсдөө амиа их алдана. Америкийн судлаачид үүнд зориулан “байнгын бус дайн” гэсэн тусгай нэр томьёо бодож олсон байна. Ийм дайнд жилд 140 мянган хүн амиа алдаж байгаа нь өдөрт 400 орчим гэсэн үг. Эд бол үндсэндээ өсвөр насныхан болон 34 хүртэл насны залуу хүмүүс, эрчүүд юм. Социологичид гунигтайяа хэлж буйгаар бол хорт хавдар, дархлалын олдмол хомсдол юм уу өөр ямар ч өвчнөөр нас барснаас Латин Америкт амиа алдах нь ихээхэн нэр төртэй гэж үздэг аж.