Газрын наймаа газар авч, хороо, хэсгийн төлөөлөгч хүртэл гар дүрдэг болсон. Засаг даргынхаа толгойг эргүүлсэн нөхөд “Бичиг баримт нь бүрэн газар зарна” гэж олон хүнийг хулхидан, хөлжсөөр байгаа нь нууц биш. Үүний зэрэгцээ томоохон компани, олны танил хүмүүсийн хулхин дээр цэцэг ургуулж, их хэмжээний мөнгө залилах явдал цөөнгүй гарчээ. Газрын наймаатай холбоотой шүүхээр шийдвэрлэсэн хэргийн талаар энд сонирхуулъя.
Нэгэн худалдааны төвийн эрх мэдэл бүхий хоёр хүнд газар эзэмшүүлнэ гэж залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт А, Т, М нар холбогджээ. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх М-д прокуророос яллах дүгнэлт үйлдсэнийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж, харин А, Т нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэн хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт А-г зохион байгуулагчаар, Т-г гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тооцжээ. Ингээд А-г 13 жил хорих ялаар шийтгэх, хоёр сая төгрөгийн торгууль ногдуулах, Т-г 12 жил зургаан сар хорих ялаар шийтгэж, хоёр сая төгрөгийн торгууль ногдуулахаар болжээ. Тэднийг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид ял эдлүүлж, шүүгдэгч Т, А нараас тус бүр 125 мянга буюу нийт 250 мянган ам.долларыг хохирогч З.А, А.А нарт олгохоор шийдвэрлэсэн байна.
Харин үүнийг шүүгдэгч А эсэргүүцэн хяналтын шатны шүүхэд гомдол гаргажээ. Тэрбээр, “Намайг ямар ч өмгөөлөгчгүйгээр таниулах ажиллагаанд оруулсан. Тэр үеэр би анх удаа Т гэгч хүнийг харсан. Худалдааны төвийнхөнд газар эзэмшүүлнэ гээд Т болон М нар мөнгө тоолж авсан нь хангалттай нотлогдож байхад нэгэнд нь ял өгөөд, нөгөөг нь цагаатгаад харин надад чанга дэглэмтэй ангид 13 жил хорих ял шийтгэж байгаад гомдолтой байна. Би энэ хэрэгт огт оролцоогүй. Т-ын зохиосон хэрэгт прокурор итгэж, надад ял өгсөнд маш их гомдолтой байна, зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ. Түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “Мөнгө өгсөн гэх Т-ын мэдүүлгээр А-д ял халдаагаад байна. Гэрч нарын хэн нь ч хохирогчдоос авсан мөнгөө Т өөр хүнд өгснийг нотлоогүй” гэжээ.
Гэрч О.Эрдэнэжаргалын “Танд өгсөн 246.800 ам.долларын хуулгыг би одоо ч гэсэн аваад ирж болно. Миний нэр дээрх дансанд байгаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг нь Т 250 мянган ам.доллароосоо 5000 орчмыг нь хэрэглээд үлдсэн 246.800-г ямар нэгэн дансанд хийсэн нь нотлогдохоор байна. Гэхдээ Т-ын дансанд байгаа гэх мөнгийг шалган тогтоох, хаана байрлалтай, ямар үнэтэй, хэдэн ам метр газар авахаар тохирсныг нотлох шаардлагатай байсан учраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.
А-гийн өмгөөлөгч худалдааны төвийн захирлуудыг залилан мэхэлсэн гэх үйлдэл нь нотлогдоогүй, тогтоогдоогүй байгаа тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208.1.2 дахь заалтыг үндэслэн А-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. Харин Т-ын өмгөөлөгч “Т мөнгө авах үедээ гэмт хэрэг үйлдэж байна гэж бодоогүй. Учир нь А-д мөнгөө өгсөн бөгөөд ингэхдээ зуучлалын хөлс гэж 5000 ам.доллар авч, 245 мянган ам.долларыг А-д өгснийг гэрч нарын мэдүүлэгтэй зөрүүгүй таардаг. Т нь бусдыг залилах биш, өөрөө залилуулж, хохирч, хэлмэгдэж байна. Тэрбээр зуучлалын хөлс болгон авсан 5000 ам.долларыг хохирогч нарт төлж барагдуулсан. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Харин УЕПГ-ын хяналтын прокурор Ц.Туул “А, Т нарын үйлдсэн хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн, нотлох баримтуудаар тогтоогдсон. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд нийцсэн дүгнэлт хийж, тэдний гэм бурууд тохирсон ял ногдуулсан байна. Тиймээс ялтан болон өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй” гэсэн байна. Гэвч үнэндээ Т нь хохирогчдод газар зарна гэж худал хэлэхдээ “Би үүнээс өмнө “Нисора” компанид уг газрыг худалдах зорилгоор Б.Нармандахтай танилцахдаа өөрийгөө “С.Батболдын хүн гэж хэлсэн” байжээ. Тэрбээр хохирогчдод итгэл төрүүлэхийн тулд “Нисора” компаниас 100 мянган ам.доллар авсан гэх хуурамч бичиг (газраар орон сууц солих гэрээнүүдийн барьцаа) үзүүлж бусдыг залилан мэхэлж авчээ. Энэ мөнгөнөөсөө 245 мянган ам. долларыг Баярхүү гэгчид өгсөн, гэвч түүнтэй хоёр жилийн турш утсаар харилцдаг байсан, огт танихгүй гэж. Хачирхалтай нь огт танихгүй хүндээ ямар ч баримтгүйгээр, хэн гэдгийг нь нягтлалгүйгээр 245 мянган ам.доллар шилжүүлнэ гэдэг эргэлзээтэй. Тэрбээр Баярхүү гэгчийг гэрчийн хэлснээр А гэж мэдүүлсэн байна. Харин А нь Баярхүү гэдэг хүн болох нь тогтоогдоогүй аж.
Өөрөөр хэлбэл, А нь бусадтай бүлэглэн залилан мэхлэх гэмт хэргийг зохион байгуулсан гэдэг нь хангалттай нотолсон баримт байхгүй харин 99... дугаараас А нь Баярхүү нэрээр Т болон Билгүүн гэх хүнтэй олон удаа утсаар холбогдсон гэсэн дүгнэлт хийсэн хэдий ч дээрх дугаараас Т руу ярьж байсныг нотлох болохоос А-г ярьсан, удирдан зохион байгуулсан гэдгийг нотолсон баримт болж чадаагүй аж.
Эцэст нь Т хохирогчдод Хан-Уул дүүргийн нутагт орших “Олимп” хороололд 1.9 га газар зарна гэж 250 мянган ам.долларыг урьдчилгаа болгон авсан нь тогтоогдсон учраас А-д холбогдох хэргийг хүчингүй болгож, 250 мянган ам.долларыг Т-гаас гаргуулж, хохирогч нарт олгуулж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн байна.