Ахуйн хэрэглээний шингэрүүлсэн хийг дэлгүүрүүд хяналтгүй худалдаж буй. Түүнийг нь хүүхдүүд худалдан аваад үнэрлэн амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал гарсаар байна. Өнгөрсөн ням гаригт л гэхэд Хан-Уул дүүрэгт хүүхэд нас барж, Баянзүрх дүүргийн нутагт хоёр хүү түлэгджээ. Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахмад Г.Золжаргалаас тодрууллаа.
-Өнгөрсөн амралтын өдөр ахуйн хэрэглээний хий үнэрлэсэн хүүхдүүдийн нэг нь нас барсан хэрэг гарчээ. Хүүхдүүд яагаад шингэрүүлсэн хий үнэрлээд байдаг юм бол?
-Ахуйн хэрэглээний шингэрүүлсэн хий үнэрлэж байсан хүүхдүүдийн нэг нь Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдээд нас барсан харамсалтай хэрэг дөрөвдүгээр сарын 30-нд гарлаа. Тухайн үед таван хүүхэд хий үнэрлэсэн байсан. Энэ хэргийг тус дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж эхэлсэн. Хүүхдүүдийн сониуч зан, нэгнээ уруу татдаг явдал, үүний зэрэгцээ эцэг, эхийн хараа хяналт сул байдаг нь элдэв гэмт хэрэг, зөрчилд холбогдох, хохирох эхлэл болж байгаа юм. Дээрх хүүхэд амиа алдсан хэргээс гадна Баянзүрх дүүргийн нутагт 17-18 насны хоёр хүү шингэрүүлсэн хийнд мансуурч байгаад тэр нь дэлбэрсний улмаас түлэгдэн ГССҮТ-д эмчлүүлж байна. Шингэрүүлсэн хий нь амьсгал боох, зүрхний хэм алдагдуулах зэрэг хор хөнөөлтэй.
-Он гарсаар хүүхдүүд шингэрүүлсэн хий хэрэглэж, амь нас, эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол хэд дэх нь болов оо?
-2016 онд нийслэлийн хэмжээнд ийм 30 хэрэг гарч байжээ. Харин энэ он гарснаас хойш анхны тохиолдол нь дээрх хоёр болж байна.
-Хүүхдүүдэд ахуйн хэрэглээний хий худалдахыг хориглосон тогтоол мөрдөгдөхөө больсноос дэлгүүрүүд хамаагүй өгч байгаа нь үүнд нөлөөлж байна уу?
-Уг нь НИТХ-ын 2010 оны 198 дугаар тогтоолоор 21 нас хүрээгүй хүнд тамхи, согтууруулах ундаа, шингэрүүлсэн хий худалдахыг хориглосон байсан. Гэвч 2014 оны нэгдүгээр сарын 17-ны 07 дугаар тогтоолоор дээрх тогтоолыг хүчингүй болгож, шинэ журам батлахдаа шингэрүүлсэн хийг хориглоогүй. Тиймээс ахуйн хэрэглээний хий худалдаж байгаа аж ахуйн нэгж, дэлгүүрийн худалдагч нар ирээдүйгээ бодолцож, бага насны хүүхдүүдэд худалдахгүй байх, эцэг, эхчүүд хүүхдүүдээ эрсдэлд орохоос сэргийлэх нь чухал байна. Мөн эцэг, эхчүүд хүүхдэдээ илэрч буй зан ааш, дуу хоолойн өөрчлөлт, биеийн байдалд нь байнга анхаарч байх хэрэгтэй.