БНСУ дахь Америкийн зенитийн пуужингийн THAAD цогцолбор байлдааны бэлэн байдалд орж, БНАСАУ-аас харвасан пуужинг устгахад бэлэн болжээ. Өмнөд Солонгос дахь АНУ-ын цэргийн командлалын хэвлэлийн албаны дарга, хурандаа Роб Мэннинг ийн мэдээллээ. Газрын THAAD систем нь баллистик пуужингийн толгойн хэсгийг нислэгийн дунд үеийн төгсгөл хэсэгт устгах зориулалттай төдийгүй АНУ, түүний холбоотнууд, тэрчлэн хот, чухал объектуудыг ойрын тусгалтай болон стратегийн баллистик пуужингуудаас хамгаалах юм. Өмнөд Солонгост THAAD систем байрлуулсныг Хятад улс эсэргүүцэж буй бөгөөд уг ажиллагааг зогсоохыг холбогдох талуудад уриалж байна гэж БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Гэн Шуан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Вашингтон Солонгосын хойгт дээрх системийг байнга байлгахаар судалж буй тухай АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын туслах Фрэнк Роуз 2015 оны тавдугаар сард мэдэгдэж байв. Үүнийг Орос, Хятад хоёр эрс эсэргүүцэж байлаа.