Японы Ерөнхий сайд Шинзо Абэ саяхан Орост хоёр өдрийн айлчлал хийлээ. Сүүлийн таван жилд Владимир Путин тэр хоёр 17 удаа уулзжээ. Тэгэхдээ өнгөрсөн оныг эргэлтийн жил байсан гэж хэлж болно. Москва, Токио хоёр эдийн засгийн хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, харилцан биендээ итгэх, эцэст нь нутаг дэвсгэрийн асуудлаа шийдэхээр тохиролцсон юм. Курилийн арлуудын талаарх маргаан, цаг хугацаа улирах тусам ширүүн хурц байдлаа гээж, одоо тэнд хамтран аж ахуйн үйл ажиллагаа явуулах дээрээ тулав. Тэгэхдээ энэ сайхан төлөвлөгөө одоогоор цаасан дээр л байна. Ажил хэргийг урагш ахиулахын тулд Шинзо Абэ яриа хэлэлцээний шинэ хэлбэрийг Владимир Путинд санал болгосон юм. “Нагатод цас орж, умардын дөрвөн аралд оршин сууж байсан хүмүүсийн захидлыг Владимир уншив. Тэд өөрсдийн шаналлын тухай түүнд бичсэн байлаа. Владимирын нүд туйлын анхааралтай, ажил хэрэгч байсан юм”. Оросын Ерөнхийлөгч төрөлх Ямагүтид нь айлчилсан тухай Японы Ерөнхий сайд ийн догдлонгуй ярьсан байдаг. Тэгэхэд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Абэ хориотой арга хэрэглэж, Курилийн асуудлыг шийдэж өгөхийг өөрөө биш эдгээр арлаас нэгэн цагт нүүлгэн шилжүүлэгдсэн ахимаг настай япончуудын үгээр гуйлгаж орос зочны сэтгэлд нөлөөлөхийг оролдсон аж.
“Тэр үед чиний нүд, нүүр царай чинь ямар байсныг би одоо сайн санаж байна. Их өндөр настай болсон хүмүүс “өвөг, дээдсийнхээ шарил дээр ичиж зоволгүйгээр очиж, бага эх орондоо өглөөг угтах” хүсэлтэйгээ бичсэн байсан” хэмээн Путинд хандаж Абэ хэлжээ. Хөгшчүүдийн үг Путиний сэтгэлийг сүрхий хөндсөн гэж Абэ үзсэн аж. Зуны нэг сайхан нартай өдөр тэд Курилийн аралд хамтдаа очно гэж Японы Ерөнхий сайд найдаж явдаг байна.
Орос, Японы төлөвлөгөө, тохиролцооны энэ хэсэг бодит шинж чанарыг олох янзтай байгаа юм. Умардын Хоккайдо, өмнө зүгийн Курилийн арлуудын хооронд захиалгат нислэг хийх асуудлыг Токио хэдэн сар боловсруулж байна. Курилд амьдарч байсан хүмүүс одоо эцэг өвгөдийнхөө шарилыг эргэж тойрохоор энд ирэх болжээ. Тэд тусгай усан хөлгөөр виз авалгүй зорчих болсон аж. Тэгвэл тэдэнд шууд нислэгээр үйлчлэхэд Орос улс бэлэн хэмээн Путин амлав.
Сүүлийн нэг жилд Абэ олон улсын тавцан дээр Москвагийн хамгийн идэвхтэй түншийн нэг болоод байна. Шаргуу дайчин энэ улстөрч Орост байнга ирж, Цагаан ордны хуучин засаг захиргаа эсэргүүцэж байсныг тоолгүй Путинийг Японд айлчлуулж чадсан юм. Японы улстөрчид, бизнесмэнүүд, шинжээчид АНУ-ын шинэ Ерөнхийлөгчийн үед ч Москватай харилцаагаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байжээ. Тэд Хиллари Клинтоныг ялна гэж тооцоолж байтал Дональд Трамп Ерөнхийлөгч болсон нь Токио хийгээд бусад ажиглагчид санамсаргүй явдал болсон.
Гэлээ ч Абэ нөгөө л эрч хүчээрээ ажиллав. Нью-Йоркод очиж Америкийн шинэ Ерөнхийлөгчийг албан тушаалаа хүлээж авахаас нь өмнө уулзлаа. Тангаргаа өргөсний нь дараа Вашингтонд албан ёсоор айлчилсан. Хэдэн өдөр үргэлжилсэн энэ айлчлал Трамптай гольф тоглосноор өндөрлөсөн юм. Оростой яриа хөөрөө хийж Өмнөд Курилийн арлуудын асуудлыг шийдвэрлэхийг Трамп дэмжсэн гэж Абэ айлчлалынхаа төгсгөлд мэдэгдэв.
Удаан завсарласны дараа Орос, Японы Гадаад хэргийн болон Батлан хамгаалахын сайд нарын “2+2” уулзалт гуравдугаар сард боллоо. Энэ оны нэг, хоёрдугаар сард тус хоёр улсын хоорондын худалдаа өсөв. Орост оруулсан Японы хөрөнгийн хэмжээ ч нэмэгдлээ. 2015 онд энэ үзүүлэлт 1.3 тэрбум ам.доллар байсан бол өнгөрсөн онд 1.7 тэрбум болсон байна. “Сахалин-1”, “Сахалин-2” нефть, хийн ордыг эзэмшихэд, Ямалын хойгт байгалийн хийн үйлдвэр барихад Японы бизнеснийнхэн оролцлоо. Сахалин, Хоккайдогийн хооронд хий дамжуулах хоолой тавих, Оросоос Япон руу цахилгаан нийлүүлэх тэнгисийн гүүр барих, эрчим хүчний уламжлалт бус эх үүсвэрийн салбарт хамтарч ажиллахаар төлөвлөж байна.
Орос, Японы харилцаанд эдийн засгийн асуудалд түлхүү анхаарч байна. Хотын орчин бүрдүүлэх, эмнэлгийн үйлчилгээний салбарт эдийн засгийн хамтын ажиллагааны 20 гаруй төсөл аваад Абэ Москва руу мордлоо гэж “Киодо” агентлаг Засгийн газрынхаа эх сурвалж дээр түшиглэн мэдээлж байсан юм. Урьд нь Токиод 80 баримт бичигт гарын үсэг зурсан дээр энэ нэмэгдсэн юм. Энэ бүгд одоо нарийвчлан боловсруулагдах шатандаа байгаа. В.Путин энэ бүхнийг “урагшаа хөдөллөө” гэж тэмдэглэн хэлсэн.
Гэхдээ маргаантай байгаа газар нутаг дээр аж ахуйн хамтарсан үйл ажиллагаа явуулахаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хийсэн хоёр талын тохиролцоо одоо хэр нь шийдэгдээгүй л байна. Хамтын ажиллагааны хууль эрх зүйн үндэслэлийг Москва, Токио хоёр одоогоор бий болгоогүй байгаа. Курилийг Орос улс өөрийн газар нутаг гэж үздэг, тиймээс энд Оросын хуулийг мөрдөхийг санал болгодог. Энэ саналыг Япон хүлээж авснаар уг арлууд Оросынх гэдгийг хууль ёсоор биш ч гэлээ хүлээн зөвшөөрсөн, тиймээс энд эрх зүй, аж ахуй эрхлэн хөтлөх “тусгай тогтолцоо” бий болгохыг Токио эрмэлздэг. Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдал хоёр улсын удирдагчийн яриа хөөрөөний бас нэг гол сэдэв байлаа. “Солонгосын хойгт Оростой хамтарч ажиллана гэж найдаж байна” хэмээн Японы Ерөнхий сайд мэдэгдсэн. Оролцогч бүх талыг цаашдаа өдөөн хатгасан үйлдэл хийхээ түдгэлзэж, НҮБ-ын тогтоолыг мөрдөхийг уламжлал ёсоор Орос, Япон хоёр уриаллаа. “Оросын тууштай оролцоогүйгээр шийдэх боломжгүй зорилтуудтай бид тулгарах боллоо” хэмээн Абэ илт тал зассан мэдэгдэл хийв.
Хамгийн гол асуудал бол Дэлхийн II дайн дууссан үеэс гарын үсэг зурж баталгаажуулаагүй энхийн гэрээ юм хэмээн хоёр удирдагч санал нэгтэй үзлээ. Шийдвэр Орос, Японы стратегийн ашиг сонирхолд нийцэж, хоёр орны ард түмнээр дэмжигдсэн байх ёстой хэмээн Путиний нэг бус удаа хэлснийг давтав. Одоо төлөвлөсөн зорилтоо биелүүлэх л үлдэв. Тэгснээр Курил дээр аж төрдөг оросуудын амьдрал сайжирч, япончуудад шинэ боломж бий болгох ёстой. “Бид итгэлцлийн ирээдүй бий болгохыг хүсэж байна” гэж Абэ эцэст нь хэллээ. Энэ бол түүний Засгийн газрын зорилт. Японы Парламентын дараагийн сонгууль 2018 оны арванхоёрдугаар сард болно, цаг бага үлдсэн байна. Хэлхээ холбоо, яриа хөөрөө цаашдаа үргэлжилнэ. Путин, Абэ хоёр долдугаар сард “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр нүүр учирна. Японы Ерөнхий сайд есдүгээр сард Владивостокт болох эдийн засгийн чуулганд оролцоно.