Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг, Жигжид зуслангийн 12 айлын хашаа, хоёр байшин шатжээ. Тус хорооны оршин суугч хашааныхаа өвсийг шатааж байгаад гал алдсанаас ийн бусдыг хохироосон аж. Гал гарч буй дуудлага өчигдөр 14.44 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийнхан дуудлагын дагуу очсон аж. Галын тархалт хурдан байсан учир Гал унтраах, аврах 10 дугаар ангийнхан очиж, хүч нэмжээ. НОБГ-ын мэргэжилтнээс хэргийн талаар тодруулахад “Гал унтраах ангийнхныг очиход байшин, айлуудын хашааны шар өвс шатаж байсан юм билээ. Албан хаагчид шуурхай ажиллаж ойролцоох айлуудын байшинг гал түймэрт өртөхөөс урьдчилан сэргийллээ. Бид гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дүүргүүдийн ногоон бүсийн аж ахуй нэгж байгууллага, иргэдэд сэрэмжлүүлж буй ч хайхрамжгүй хандаж, гал алдсаар байна” гэв.