Зимбабве улс дампуурч буйгаа дахин нотоллоо. Энд мал төлбөрийн хэрэгсэл болж, харилцан бараа солилцдог эртний цаг үе рүү улс орноо буцаан аваачиж байна. Колоничлолын үед тус улс Британийн хараат байсан бөгөөд тэр цагт хөдөө аж ахуй, баялаг олборлолт дээр суурилсан гайгүй ч сайн эдийн засаг бий болгож чадсан байв. 1980 онд Зимбабве тусгаар тогтносон ч цагаан арьстнууд энэ улсын хөгжлийн зүтгэгч хүч нь болж байлаа. Зимбабвен төрийн эрхийг 30 жил барьж буй 93 настай, манай гаригийн хамгийн өндөр настай Ерөнхийлөгч гэгдэж буй Мугабе зүүнийхний аргаар газрын реформ хийхээр шийдсэн 2000-аад оноос байдал өөрчлөгдөв. Өөрөөр хэлбэл, цагаан арьстнуудын эзэмшил газрыг хураан авч, тэднийг тус улсаас хөөж, өмч хөрөнгийг нь уугуул хүн амдаа өгчээ.
Энэ өөрчлөлтийн үр дүнг тоон үзүүлэлтээр илэрхийлбэл ажилгүйдэл 80 хувь хүртэл нэмэгдэж, инфляц 2008 онд 321 сая хувь хүрч, өлсгөлөн газар авсан байна. Эдийн засгийн энэ сүйрэл мөнгөний системд ч нөлөөлжээ. Мөнгө нь асар хурдтай үнэгүйдэж, эрх баригчид нь мөнгө үйлдвэрлэхээс аргагүй болж, Төв банкны тэргүүн Гидеон Гоногийн удирдлагаар 2009 онд 100 их наяд хүртэл тоотой зимбабве долларын дэвсгэрт хэвлэж байв.
2017 онд Зимбабвен санхүүгийн орчинд бас нэг шинэ зүйл гарч ирэв. Ямаа, хонь, үхрийг зээлийн төлбөр болгож ашиглахыг зөвшөөрсөн хууль гаргуулахаар Парламентад төсөл өргөн барив. Эдгээр амьтныг Төв банк нь бүртгэж авсны дараа төлбөрийн хэрэгсэл болгон ашиглаж болох аж. Сангийн яамных нь үзэж буйгаар энэ арга хэмжээ жижиг, дунд бизнес хийгээд, залуучууд, эмэгтэйчүүдийг эдийн засгийн идэвхтэй амьдралд татан оролцуулах боломжтой болгох гэнэ. Өнгөрсөн сарын 17-ноос гэрийн тэжээмэл амьтан (мал) боловсролын салбар руу “туугдаж” ирлээ. Сургалтын төлбөр болгож, мал авахыг сургуулиудад зөвшөөрчээ. Түүгээр ч барахгүй эцэг, эх нь өөрийн хөдөлмөрийг мөн төлбөр болгож болох аж. Зимбабве улс өөрийн доллараас татгалзаж, америк доллар хэрэглэх болжээ. Америкийн доллар олдохоо болихоор түүнтэй ижил ханштай мөнгө хэвлэв. Шинэ залуу улсууд ч санхүү, эдийн засгийн хямралд орж байна. Өмнөд Судан улс 2011 оноос Суданаас өрх тусгаарласан, түүнээс хойш байнга цэргийн мөргөлдөөн энд тасрахгүй байгаа. Нефтиэр баян газар нутаг нь гай болж байна гэлтэй. Нефтийн ордуудын ихэнх нь Өмнөд Суданд байвч дамжуулах хоолой, боловсруулах үйлдвэр нь Суданд байдаг. Энэ бүхэн байхгүй бол нөгөө хар алт нь үр ашиггүй нөөцөөс хэтрэхгүй.
Тусгаар тогтносноос хойших хэдэн жилд эдийн засгийн язгуур асуудлаа шийдэж чадсангүй, ядуурал их, бичиг үсэг мэдэх хүн ховор, өвчин эмгэг өргөн тархсан ийм нэг арчаагаа алдсан улс болжээ. Ийм нөхцөлд мөнгөний тогтвортой системийн тухай ярих боломжгүй нь ойлгомжтой. Уг нь Өмнөд Судан “фунт” гэсэн нэртэй өөрийн мөнгөтэй ч шинэ тутам энэ улс Зимбабвегаас өмнө малыг төлбөрийн хэрэгсэл болгосон байна. Ялангуяа царайлаг, нуруулаг динк гэгдэх үндэстэн нь мөнгөний оронд мал өргөн хэрэглэдэг аж. Тэд гурван саяул буюу Өмнөд Суданы нийт хүн амын дөрөвний нэгийг эзэлнэ. Дэлхийд хамгийн алдар цуутай болсон динк үндэстэн нь Британийн топ-модель Алак Век юм байна.
Гурван өндгийн үнэ 100 тэрбум зимбабве доллар