АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Төрийн тэргүүнээр ажилласан 100 дахь хоногоо тохиолдуулан дэмжигчдийнхээ өмнө үг хэлэхдээ улсынх нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд худал хуурмаг мэдээлэл цацдаг гэж шүүмжилжээ. Тэрбээр хэвлэлийнхний ажилд “муу” гэсэн дүн тавихаар байна гэж мэдэгдэв. Д.Трамп ажлын 100 дахь өдрөө Пенсильвани дахь дэмжигчидтэйгээ уулзахыг илүүд үзсэн байна. Цагаан ордны дэргэдэх Сурвалжлагч нарын холбооны жил тутмын оройн зоогт тэрбээр оролцоогүй аж. Тус холбоо 100 гаруй жилийн өмнө 1914 онд байгуулагдсан бөгөөд 1921 оноос хойш зохион байгуулсан тусгай оройн зоогт нь АНУ-ын Ерөнхийлөгч нар оролцдог уламжлал тогтсон аж. Үүнийг Д.Трамп зөрчжээ. “Гол хэвлэлүүд манай ололт амжилтын жагсаалтыг, тухайлбал, хилийн хяналтыг чангатгасан зэрэг 28 хуулийг нийтлэхээс татгалзсан” гэж тэрбээр твиттертээ бичсэн байна.
Дэмжигчдийнхээ цуглааны үеэр Д.Трамп эхний 100 хоногийн ажлаа маш үр бүтээлтэй болсныг тэмдэглээд, агуу тулаанууд хүлээж буй бөгөөд ямар ч тохиолдолд ялна хэмээжээ. Үүний сацуу “НАТО-гийн гишүүн бүх орон эвслийнхээ аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах ёстой. Урьд нь тус эвслийн бусад гишүүний төлдгийг нийлүүлсэнтэй ижил хэмжээний мөнгийг АНУ гаргадаг байсан. Ийм шударга бус байж болохгүй” гэж тэрбээр хэлсэн байна. Тэрчлэн түүхэнд байгаагүй хэмжээгээр татвараа бууруулахаа Д.Трамп амлажээ. Түүний засаг захиргаа нийгмийн дунд давхаргынхан болон бизнес эрхлэгчдийн татварыг 35 болон 15 хувиар бууруулахыг санал болгож буй гэнэ.