ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Төрийн тэргүүн Дональд Трамп нар тавдугаар сарын сүүлчээр анх удаа уулзаж магадгүй. Энэ мэдээллийг тус хоёр улсын төрийн эрх бүхий байгууллагууд дахь эх сурвалжууд нотлов. Тэдний эхний уулзалт Орос, Америкийн харилцаа хэвийн болох, эсэхийг тодотгох юм. Тус хоёр улсын харилцаа Ерөнхийлөгч Барак Обамагийн үед хамгийн доод цэгт хүрч, Сири, Умард Солонгос, Афганистаны түгшүүртэй байдал даамжирсантай холбоотойгоор Дональд Трампын үед улам дордож байна. АНУ-ын шинэ засаг захиргаа хэд хэдэн асуудлаар байр сууриа чангатгасан хэдий ч В.Путиний Д.Трамптай хийх уулзалт сөрөг уур амьсгалыг зөөллөх боломж олгоно хэмээн Москва найдаж буй. Ирэх долдугаар сард Германы Хамбург хотод болох “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтаас өмнө Европын аль нэг улсад яриа хэлэлцээ хийлгэхээр Орос, Америкийн удирдагчдыг Москва, Вашингтон хоёр бэлтгэж байна. Д.Трамп Бельгийн нийслэл Брюссель хотод болох НАТО-гийн, Италийн Таорминд зохион байгуулах “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор ирэх сарын 25-27-нд Европт айлчлах юм. Үүний дараа АНУ-ын Ерөнхийлөгч аль нэг гуравдагч оронд очиж, Оросын Төрийн тэргүүнтэй уулзах боломжтой аж. Энэ сарын эхээр Москвад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон айлчилснаас хойш хоёр улс дээд хэмжээний уулзалтад бэлтгэх болжээ. Үүнд АНУ Орост авсан хориг арга хэмжээгээ чангатгасан нь ч, Пентагон Сирийн цэргийн баазад цохилт өгсөн нь ч нөлөөлөөгүй байна.