Америкийн орнуудын байгууллагаас гарах үйл явцаа Венесуэл улс эхлүүлснийг тус улсын Гадаад хэргийн сайд Делси Родригес мэдэгдэв. Энэ ажил 24 сар үргэлжлэх гэнэ. Венесуэлд улс төр, эдийн засгийн өргөн хүрээг хамарсан хямрал үргэлжилсээр байна. Тус улсын хэдэн арван мянган оршин суугч нийслэл Каракас болон бусад 20 хотод болж буй эсэргүүцлийн ажиллагаанд оролцож, хугацаанаас нь өмнө сонгууль явуулж, сөрөг хүчний удирдагчдыг шоронгоос суллахыг шаардсаар байгаа аж. Ерөнхийлөгч, Социалист намын гишүүн Николас Мадурогийн явуулж буй бодлого эдийн засгийн гүнзгий хямрал, ардчилсан эрх чөлөөг нухчин дарахад хүргэж байна хэмээн сөрөг хүчнийхэн мэдэгджээ. Тэгвэл сөрөг хүчнийхэн АНУ болон олон нийтийн мэдээллийн хэрэгслийн тусламжтайгаар төрийн эргэлт хийхийг оролдож байна гэж Н.Мадуро үздэг. Улс төрийн хямрал нь тус улсын эдийн засгийн хүнд байдалд нэрмээс болсоор буй. Цахилгаан эрчим хүч нь тасалдаж, нэн түрүүнд хэрэгцээтэй барааны хомсдол үүссэн бөгөөд инфляц нь 2018 онд 1660 хувьд хүрнэ гэж Олон улсын валютын сан урьдчилан таамаглажээ.