Монгол ардын армийн “Улаан од” сонины шарласан хуудсыг эргүүлж байхад 1990-ээд онд “Орон сууцны маапаан” гэсэн гарчигтай материал нийтлэгдсэн нь анхаарал татав. Өдгөө цэргийн тэтгэвэртээ буй нэр бүхий генералууд тухайн үед орон сууцны нэг давхрын 2-3 байрыг нийлүүлж, олон өрөөтэй сууцанд амьдардаг, зарим нь орон сууцны хэд хэдэн хороололд өөрийн болон үр хүүхдүүдийнхээ нэр дээр нэг бус орон сууц авсан тухай нийтэлжээ. Социализмын гэх үеэс л цэргийн том дарга нар бага тушаалтай алба хаагчдадаа ногдох орон сууцнаас өөрсдөдөө авч, жирийн офицер, ахлагч нар нь түрээсийн, эсвэл хадмын хаяа түшин амьдарсаар иржээ. Тэгвэл энэ явдал өдгөө ч засраагүй, харин ч улам газар авсан гэж болохоор байна.
Зэвсэгт хүчний офицер, ахлагч нарын нийгмийн хамгаалал, тэр дундаа орон байраар хангах асуудалд Монголын төр, татвар төлөгчид, батлан хамгаалах салбарын удирдлагууд боломжийнхоо хэрээр анхаарч ирсэн. Зах зээлийн нийгэмд шилжсэнтэй холбоотой хямрал, сүүлийн жилүүдийн эдийн засгийн хүндрэл бэрхшээл Монголд тулгарсан ч төсвийн хөрөнгө оруулалтаар орон сууц барьж ашиглалтад оруулсаар байгаа. Гэвч татвар төлөгчдийн мөнгөөр барьсан орон сууцнууд зорилтот бүлэг болох офицер, ахлагч нарт, тэр дундаа 1990-ээд оны хүнд үед хоёргүй сэтгэлээр үнэнчээр зүтгэн, анги салбарт ажиллагсдад хуваарилагддаггүй гэдэгтэй цэргийн олон алба хаагч санал нийлэх биз ээ.
Албан тушаалын орон сууцны хуваарилагдсан байдал нь жинхэнэ зорилтот бүлэг болох анги, салбарт алба хааж буй дунд болон бага тушаалын эгэл жирийн олон зуун офицер, ахлагч нарт тун бага ногдсон. Бодит байдал дээр БХЯ, ЗХЖШ-ын газар, хэлтсийн дарга, ангийн захирагч зэрэг удирдах дээд болон дунд тушаалын генерал, хурандаа нар, тэдний үр хүүхдүүд, хамаатан садангууд нь голдуу орсон байгаа юм. Морьтны хишиг явганд, моньдын хишиг золигт гэгчээр тэдгээр дарга нарын “халаасны” анги, салбарын цөөн тооны офицер, ахлагч нар орсон нь ч бий. Зэвсэгт хүчинд хамгийн сүүлд 2010, 2012 болон 2015, 2016 онд 63, 50, 300 айлын гээд нийт таван орон сууц ашиглалтад орсон бөгөөд БХЯ, ЗХЖШ-ын генерал, хурандаа нар эдгээрээс цөөнгүйг нь авчээ. Тэдний зарим нь хэд хэдэн байр, сууц, хаустай байсан гээд бод. Албан тушаалаа өөртөө ашигтайгаар урвуулан, өөрийн болон өөрт хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр байр авсан үйлдлээ БХЯ, ЗХЖШ-ын дарга нар “Орон сууцны нөхцөлөө сайжруулсан” гэж тайлбарладаг гэсэн. Үнэндээ тэд тийм хүнд нөхцөл буюу гэр хороололд гэр, шавар байшинд нүүрс түлж, эсвэл бусдын байр түрээслэн амьдарч байсан уу гэвэл үгүй.
Хамгийн сүүлд ашиглалтад орсон 300 айлын орон сууцанд гэхэд хувьдаа байр, сууцтай олон генерал, хурандаа орчихоод зорилтот бүлэг болох жирийн офицер, ахлагч нар орон сууцгүй явааг захын алба хаагч хэлдэг юм билээ. Тухайлбал, XV хороололд орон сууцтай, сүүлд орлогын ямар эх үүсвэрээр хаустай болсон нь тодорхойгүй нэгэн дэслэгч генерал цэргийн алба хаагчдад зориулсан байрнаас хөнгөлөлттэй үнээр аваад худалдсан, өдгөө хауст амьдардаг бас нэг генерал, XVI хороололд байртай хурандаа О.Нямчулуун, ЗХЖШ-ын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг нар хувийн байртай атлаа 2015 онд ашиглалтад орсон 63 айлын орон сууцанд байр авчихсан байх жишээтэй. I хороололд байртай 2009-2016 онд ЗХЖШ-ын дэд даргаар ажиллаж байсан, бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай, Монгол цэргийн музейн захирал асан, өдгөө ЦДБЭЧ-ын дарга, хурандаа Г.Золзаяа, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагчаар ажиллаж байгаад хэд хоногийн өмнө хоёр алба хаагч нь гар бөмбөгийн дэлбэрэлтэд өртөн амиа алдсан хэргээр ажлаасаа чөлөөлөгдсөн Д.Өлзийбаяр гээд бичээд байвал урт жагсаалт хөвөрнө. Жишээ нь, ЦДБЭЧ-ын дарга, хурандаа Г.Золзаяагийн нэр дээр гэхэд 300 айлын орон сууцны 29 тоот бүртгэлтэй байх юм. Харин өөрөө “Саруул тэнгэр” хотхонд амьдардаг гэнэ.
1990-ээд онд зах зээлд шилжих үед цэрэг, армийг хаяж явчихаад сүүлд Батлан хамгаалахын сайдын буянаар тооноор нь орж ирэн хурандаа болсон этгээдүүд хүртэл цэргийн алба хаагч нарт зориулсан байрнаас авсан байх жишээтэй. Тухайлбал, “Махимпэкс” ХК-ийн ард хаустай, Зэвсэгт хүчний Нэгдсэн лабораторийн дарга, хурандаа Г.Баярсайхан, ЗХЖШ-ын хэлтсийн дарга, хурандаа Д.Номт гэх мэт олон хүн бий.
Хөдөөгийн анги, салбаруудад олон жил ажиллаад хотод шилжиж ирсэн эгэл жирийн нэгэн офицер гадаадад эн хийг сахиулах ажиллагаанд оролцож, авсан мөнгөөрөө урьдчилгааг нь төлөөд зээлийн байр авах гэтэл гэр бүл нь ажил эрхлээгүйгээс өрхийн орлого нь банкны зээлийн шаардлага хангахгүйгээс аргаа барж явах юм. Эхнэр хүүхдүүдээ орхиод Эрдэнэтээс Улаанбаатарт шилжиж ирсэн нэг ахлагч орон сууцанд орж чадаагүйгээс нутаг буцсан ч тохиолдол гарчээ. Дарга нар нь эгэл жирийн офицер, ахлагч нарт зориулсан байрнаас нь авчихаад байдаг учраас ЗХЖШ-ын тэргүүн ахлагчийн санаачилгаар ахлагч нарын чуулга уулзалт болж, нийгмийн асуудлаа шийдэх үүднээс Баянзүрх дүүрэгт “Ахлагч” хотхоны газраа шийдүүлж авсан. Гэвч нөгөө “Ахлагч” хотхон сураггүй болоод буй.
Албан тушаалын орон сууцыг угтаа цэргийн анги, байгууллагуудын офицер, ахлагч нарыг зөвхөн алба хаах хугацаанд нь өдөр, шөнийн ямар ч цаг үед дуудахад бэлэн байлгах үүднээс барьсан байдаг. БХЯ-наас албан тушаалын зарим орон сууцыг хувьчлахаар болж, Засгийн газраас тогтоол гаргуулах гэж удаа дараа оролдож байна. Хувьчлагдах гэж буй байрнуудын жагсаалтад 2008 оноос хойш ашиглалтад орсон, Хан-Уул дүүргийн нутаг дахь хоёр орон сууц, Баянзүрх дүүргийн Улаанхуаран дахь 63 айлын 10 давхар гурван сууц, “Их засаг” их сургуулийн хажуу дахь 50 айлын орон сууц, хэл амтай баригдсан 300 айлын орон сууц орсон сурагтай. Орон сууцыг хөнгөлөлттэй үнээр хувьчлуулахыг хүсэж байгаа нь цаашид татвар төлөгчдийн мөнгөөр орон сууцыг хэсэг этгээд хямдхан авч завших, дамлан худалдах, жинхэнэ зорилтот бүлэг болсон жирийн офицер, ахлагч нарыг алба хаах хугацаандаа амьдрах орон байргүй болгох муу үр дагавартай баймаар сан.
“Орон сууцныхаа нөхцөлийг сайжруулсан” гэх генерал, хурандаа нарын олонх нь авсан байрандаа амьдардаггүй, түрээ сэлж, дамлан худалдсан байдаг талаар цэргийнхэн ярьж байхыг дуулсан. Хамгийн сүүлд буюу 2015 оны эцсээр ашиглалтад орсон, 300 айлын байрыг анх барихад 10 тэрбум төгрөг төсвөөс гаргасан гэдэг ч мөнгө нь “хүрэлцээгүй” тул орохоор нэрээ өгсөн офицер, ахлагч тус бүрээс нэмж таван сая төгрөг авч, сантехникийн асуудлыг нь шийдсэн талаар дээр дооргүй л мэдэж байгаа. Засгийн газраас 2016 онд нэг тэрбум төгрөг нэмж өгсөнөөр хэл амтай барьсан 300 айлын орон сууц ашиглалтад орсон билээ. Дээрх байрнуудад өөрийн гэсэн орон сууцтай хэрнээ дахин байр авч бусдад түрээслэн ашиг олж байгаа, эсвэл өмнө сууж байсан байраа дээрх орон сууцнуудад орсныхоо дараа үр хүүхдүүдийнхээ нэр дээр шилжүүлж, огт “орон сууцгүй” хүн болж “жүжиглэдэг”-ийг офицер, ахлагч нар мэдэж байгаа ч нүдэн балай, чихэн дүлий суусаар.
БХЯ, ЗХЖШ, анги байгууллагын удирдлагад ажилладаг генерал, хурандаа нар хямд үнээр байртай болонгуутаа зах зээлийн үнээр зарж ашиг хонжоо олж байж ч болзошгүй. Худалдсан нь ч байна. 2009 онд Баянзүрх дүүргийн IV хорооны нутаг, “Жоби-72”-ын ард БНХАУ-ын БХЯ-ны буцалтгүй тусламжаар барьж, зах зээлээс маш хямдаар борлуулсан 48 айлын сууцанд орсон БХЯ-ны томоохон албан тушаалтнууд байраа зарчихсан гэдгийг тус яам, ЗХЖШ-ынхан нэр, цолтой нь ярих юм билээ. Ийм байдлыг Баабар “Монгол хүний зарчмын саналынх нь цаана өөрийнх нь өчүүхэн муу эрх ашиг нуугддаг ” гэж тун онож хэлсэн байдаг.
Дарга, удирдлагынхаа тушаалаар томилогдон насаараа хөдөө хөхөрч, гадаа гандчихаад эцэст нь орох оронгүй хаягдсан эгэл жирийн офицер, ахлагч олон бий. Тэдний зарим нь тэтгэвэртээ гараад ангийнхаа мэдлийн, Мэргэжлийн хяналтын байгууллагаас хүн амьдарч болохгүй гэж дүгнэсэн албан тушаалын хуучин байранд суусаар л байна. Түрүүчээсээ тэдгээр байрыг галын бурхан “таалчихсан”. Хэдэн жилийн өмнө Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн ийм хуучин байр шатсан бол өнгөрсөн өвөл Өмнөговь дахь 167 дугаар ангийн есөн айлын байр түймэрт өртлөө. Хуучин, модон сууц (БАМ-ын байшин гэдэг)-ыг нь дахин төлөвлөх гэхээр БХЯ, ЗХЖШ-ынхан нь оруулдаггүй гэдгийг эгэл жирийн олон офицер, ахлагч бидэнд ярьсан. Жишээ нь, Баянзүрх дүүргийн нутаг дахь нэг сууцыг “БХЯ-ны харьяанд байгаа, хувьчлагдаагүй” гэсэн шалтгаанаар дахин төлөвлөлтөд оруулаагүй юм билээ. Тус байранд оршин суудаг ахлагч голдуу алба хаагчид тус байраа хувьчлуулж дахин төлөвлөлтөд орохыг хүсэн, БХЯ, ЗХЖШ-т олонтаа хандсан ч дарга нар бие бие рүүгээ бичиг, цаас шидэлцээд асуудлыг шийдэж өгөөгүй юм билээ.
Зэвсэгт хүчинд насаараа зүтгэсэн офицер, ахлагч нарт ангийнх нь мэдлийн муухан сууцыг хувьчлахын төлөө хуруугаа ч хөдөлгөхгүй атлаа татвар төлөгчдийн мөнгөөр барьсан тохилог сууцыг хямд хувьчилж авахыг БХЯ, ЗХЖШ-ынхан санаархаж буй нь ёс зүйгүй хэрэг биш гэж үү. Татвар төлөгч та, бидний мөнгөөр төрийн албан хаагчдын түр зуурын алба хаах хугацаанд амьдруулахаар боссон орон сууц маш хямд өртгөөр хувьчлагдах гэж байгаа нь хэр шударга явдал бол. Бид өөрсдийнхөө төлөө хуульд заасан нийтлэг үйлчилгээ авах гэж л татвар төлдөг. Түүнээс биш ёс зүйгүй төрийн албан хаагчийг үнэгүй байраар хангах гэж татвар төлдөггүй билээ. Татвар төлөгчдийн мөнгөөр барьчихаад хэн нэгэн төрийн албан хаагчдад зориулж хямдхан үнээр зарах илүүдээ гарсан байр манай төрд байхгүй.
Жинхэнэ зорилтот бүлэг болох, одоо алба хааж буй олон мянган офицер, ах лагч нар, энэ салбарт насаараа зүтгээд тэтгэвэрт гарсан эгэл жирийн ахмад дайчид орох орон ч үгүй явааг дарга нар мартаагүй л байлтай.