Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өнөөдөр Москвад айлчилж байна. Энэ үеэр хоёр талын эрүүл мэнд, хотын дэд бүтцийн хамтын ажиллагааг бэхжүүлэх 20 орчим гэрээ байгуулна гэж “Nikkei” сонин мэдээллээ. ОХУ-ын Воронеж хотыг хөгжүүлэх нь хамтын ажиллагааны гол чиглэлүүдийн нэг байх аж. Японы тал тус хотод метро барих төсөлд оролцох, тэрчлэн замын түгжрэлтэй тэмцэх технологи санал болгохоор төлөвлөжээ. Тодруулбал, замын байдлыг дүгнэж, ажиллагаагаа автоматаар өөрчилдөг “ухаалаг” гэрлэн дохиог тэнд байрлуулах гэнэ. Урьдчилсан тооцоогоор, энэ дохио Воронежийн замын түгжрэлийг 20 орчим хувиар бууруулна. Тэрчлэн тус хотын шугам хоолойд засвар үйлчилгээ хийхдээ замын хөдөлгөөнийг хаахгүй байх технологи ашиглах хөтөлбөрт Японы “Sekisui Chemical” компани оролцох юм байна. Мөн эрчим хүч хэмнэх технологи бүхий барилга байгуулах төслөөр Воронежийн улсын их сургуультай Японы барилгын материалын “Nice” компани хамтран ажиллана хэмээн найдаж буй аж. Ш.Абэгийн айлчлалын үеэр талууд Оросын эмийн “Р-Фарм” компанийн хувьцааны 10-20 хувийг худалдах гэрээг эцэслэн байгуулах, Курилийн арлууд руу шинжээчид илгээхээр төлөвлөсөн тухай “Nikkei” сонин мэдээллээ. Шинжээчид тус бүс нутагт аж ахуйн хамтарсан үйл ажиллагаа явуулах боломжийг судлах юм. Кремлийн хэвлэлийн албаны мэдээлснээр, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр Японы Ерөнхий сайдтай уулзаж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-16-нд Оросын Төрийн тэргүүн Японд айлчлахдаа байгуулсан тохиролцоонуудыг хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэнэ. Түүнчлэн улс төр, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн салбар дахь Орос, Японы хамтын ажиллагааны өнөөгийн төлөв байдал, хэтийн төлвийн талаар ярилцах аж. В.Путин Японд айлчилж, Ш.Абэтэй уулзсаны дараа хийсэн хамтарсан мэдэгдэлд Курилийн арлуудын өмнөд хэсэгт аж ахуй эрхлэх тухай зөвлөлдөж эхлэх нь найрамдлын гэрээ байгуулах зам руу чиглэсэн чухал алхам болохыг тэмдэглэсэн юм. Энэ асуудлаарх Орос, Японы анхны зөвлөгөөн өнгөрсөн гуравдугаар сард Токиод болсон билээ. Түүнд оролцогчид эрүүл мэнд, аялал жуулчлал, загас агнуурын чиглэлийн хамтын ажиллагаагаа тодорхой болгох төлөвлөгөө танилцуулсныг зөвлөгөөний дүнгийн баримт бичигт тэмдэглэсэн байв.