ЗХУ гэдэг том гүрэн задарсаны дараах жилүүдэд “гадаадын машин унах” гэдэг хэллэг тухайн хүний ажил амьдрал өөдрөг байгааг илтгэдэг байсан гэдэг. Уг машиныг хэрхэн олж авсан талаарх бараан түүх ч хүмүүсийн чихийг дэлдийлгэдэггүй байсан аж.
Тус улсад 70-80-аад онд гадны машин бараг үзэгддэггүй байжээ. Гадаад хэргийн яамны ажилтнууд, флотын усан цэргүүдийн зарим нь л гаднаас “чийчаан” авчирдаг байсан гэх. Өөрчлөн байгуулалтын үед энэ бүхэн түүх болж үлдэв.
“Ялзарсан” Өрнөдийн бараа ЗХУ руу цутгаж эхэллээ. Тэдгээрийн эхэнд автомашин “зогсож” байв. Польш, Чехословак, Унгар, Германд байсан цэргийн баазын офицерууд гадаадын машины анхны худалдан авагч нь болжээ. Германаас бүрмөсөн явахаас өмнөх хоёр жил офицерууд төдийгүй хугацаат цэргүүдэд ч алтан үе байв. Цэргийнхэн ангийнхаа бүх эд хогшлыг, гутал, хувцсаа хүртэл зарж үрж байлаа. Ингэж олсон дойч маркаараа цахим төхөөрөмж, хувцас, машин авна.
Гэхдээ офицерууд “Мерседес”, БМВ-г биш гадаадад гаргасан өөрийн “Лада”-г илүүтэй сонирхдог байсан нь гайхмаар. Учир нь Оросын энэ бүтээгдэхүүн ихээхэн хямд байдаг байж. Хамгийн гол нь Орост очсон хойно сэлбэг хэрэгслийг нь олоход бэрхшээлгүй. Тэр үед Өрнөд рүү өнгийх цонх удаан хугацаагаар нээгдсэн гэдэгт Зөвлөлтийн хүмүүс төдийлөн итгэхгүй байсан аж. Герман болон Зөвлөлтийн машиныг барихад ая тухын ялгаа их чухал байсан ч зарим хүн эрсдлийг үл тоон гадны машин худалдаж авч байлаа.
Тэгээд ч гадаад машин оросуудад хямд олддог байв. Үүний шалтгаан тун энгийн. Машинаа ашиглахын тулд герман хүнд TUV сертификат (техникийн үзлэгийн гэрчилгээтэй ижил) шаардана. Энэ сертификатын үнэ хийгээд даатгалын хэмжээ машины ашигласан жилтэй холбоотойгоор нэмэгдэнэ. Иймээс БМВ машин герман хүнд барагцаагаар 3000 маркаар олдох бол TUV-гүйгээр 1000 маркаар л авчихна. Тааруухан машин бол бүр хямд 500 маркаар авч болдог байсан нь 350 ам.доллар гэсэн үг.
Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улсууд руу машин оруулж ирдэг бас нэг хүмүүс нь герман үндэстнүүд байжээ. Тэдний зарим нь 1980-аад онд ХБНГУ руу цагаачилсан байсан бөгөөд 5-10 жилийн дараа ах дүү, төрөл садангууд нь түр хугацаагаар тэнд очоод Казахстан юм уу Орост буцаж ирэх дээ яаж гар хоосон байх вэ дээ.
Зөвлөлтөд амьдралын түвшин ямар байгааг мэдсэн гар султай германчууд ядуу төрөл садандаа 500-1000 маркаар нэг их муудчихаагүй “Опел” аваад өгчих нь ч бий. Ингээд машинтай болсон садан өгсөн бэлгийг нь түүндээ чихэж аваад баяр хөөртэй гэртээ харина. Гэвч энэ “дугуйтай бэлэг” зарим хүнд түвэг удах төдийгүй аминд хүрэх нь цөөнгүй байв.
Германаас Орос руу ирэх зам Польш, Украиныг дайрна. Энэ зам 90-ээд онд гадаад маркийн машин дээрэмдэх их хөлийн газар болжээ. Польш улс Оросыг бодвол зэрлэг капитализмын үеийг эрт үзээд өнгөрөөсөн байсан болохоор зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл ч тэнд аль хэдийнэ бий болсон байлаа. Тэгээд Орос руу хуучин машин зөөж буйг мөнгө олох нэг арга болов.
Германы дугаартай машин зам дээр явж байхыг польшууд хармагцаа зогсооно. Тэгээд бусдын газар дээр явж буйн төлбөр гэж нэхнэ. Машины эзэд мөнгө байхгүй бол санаанд нийцсэн бараа, эд зүйлсийг нь шулуухан авчихна. Эсэргүүцсэн, цор цор хийсэн, цагдаад хэлнэ гэж айлгах гэж оролдсоныг нь зодож, нүдэхээр барахгүй машиныг нь булааж авна, эсвэл шатаачихна.
Тэгж байтал тохиолдлын ийм дээрэмчдийг “мэргэжлийн” хүмүүс гарч ирээд тун удалгүй шахан зайлуулав. Өчигдөрхөн цэргийн Өрнөдийн бүлэгт алба хааж байгаад ажилгүй болсон офицерууд энэ бизнесийг юуны түрүүнд эрхлэх болсон байна. Германд төрөл садан нь байдаг, өөрөө Орост амьдардаг германчууд мөн ийм бизнес хийх болжээ.
Калининград муж мэтийн хил залгаа бүс нутгуудын овсгоотой залуусын тухай энд өгүүлэх ч хэрэггүй. Тэд нутгийн зохион байгуулалттай гэмт хэргийн бүлгийн найдвартай хамгаалалтад байдаг төдийгүй Украин, Польш, Белорусьт худалдан авагч болон дээрэмчидтэй хэлхээ холбоотой болсон байдаг байжээ.
1990-ээд онд эрүүл чийрэг бие бялдартай, 25-50 насны, машин сайн мэддэг, жолооддог эрчүүд гадаад маркийн машин зөөх ажил хийнэ. Тухайн үед Германд гадаадын машин зарах ажилд туркчүүд гаршиж, эд зүйлийг нь тоночихоод туршлагагүй худалдан авагчид өгчихдөг байсан болохоор машин сайн мэддэг байх нь ихээхэн чухал байсан аж.
Тиймээс машин зөөх ажилд мэргэшсэн хүмүүс туркчүүдээс биш, TUV авах гэж мөнгө төлөх нь шинэ машин авахаас илүү хохиролтой байдаг гэм хоргүй тэтгэврийнхнээс машин авдаг байв. Герман өвөөгийн гараашид тоосонд даруулан “хэвтэж” байх БМВ-гийн үнэ машины бизнес хийдэг хүмүүсийн хувьд хонжворт сугалааныхтай адил санагддаг байсан аж.
Дурын наймаачин Германд давхиж очоод машин худалдаж авдаг болохоос өмнө их хэцүү байсан аж. ЗХУ руу гадны машиныг бизнесмэн юм уу дээрэмчдийн захиалгаар оруулж ирдэг байв. Зарим тохиолдолд бизнесмэн болон дээрэмчин нь нэг хүн байх нь цөөнгүй. Жолооч нь захиалагчаас мөнгийг нь аваад Европыг зорино. Ингэснийг зөвхөн захиалагч төдийгүй өөр хүмүүс ч мэдчихсэн байх тохиолдол бий. 1990-ээд онд хайрцаг тамхины төлөө хүн алчихдаг байсан болохоор олон мянган ам.доллар гэдэг толгой эргэм зүйл байлаа.
Тийм болохоор машин зөөгч төрөлх хотдоо ч дээрэмчдийн гарт өртөж болох байв. Хэрэв дээрэмдүүлээд амьд үлдсэн бол ихэнхдээ л гэмт хэрэгтнүүдтэй холбоо сүлбээтэй байдаг нөгөө машин захиалагч өгсөн мөнгөө буцааж өгөхийг шаардаад зогсохгүй машин ирэхийг хүлээхдээ амссан сэтгэл санааны хохирлоо төлүүлэх гэж зүтгэнэ. Энэ шаардлагыг эс биелүүлбэл амь насыг нь хороох энүүхэнд.
Германд эсэн мэнд очоод, сайн машин худалдаж аваад буцахад Польшийн замд аюул тохиолдож болох ч түүнийг давж гарч бас болдог. Белоруссьт бол илүү амгалан тайван байв. Харин Украинд “ширүүн эрчүүд” ёстой буцалж байжээ. Тэдний нутагт Германы дугаартай машин орж ирмэгц л үсээ хусуулсан залуусын овоо хараанд ороод явчихна.
Гэхдээ машин зөөгчид мэргэшсэн дээрэмчдээс биш, “хөлдөөгч”, “даврагч”, “цөөвөр” гэх мэт олон янзын хочтой хүмүүсээс илүү айна. Тэд замын төлбөр төлөхийг шаардахгүй, шууд л машин, мөнгө нэхнэ, өгөхгүй бол алж орхино.
Сарна гэдэг жижиг хот “Варшав-Киев” гэсэн төв замын дунд байдаг. 1990-ээд оны дундуур замаас холгүй эндхийн ойгоос саяхан оршуулсан олон хүний цогцос олдсон байна. Тэнд 15 цогцос байсны дотор эмэгтэй хүнийх ч байжээ. Бүгд бууны болон мэсний шархтай. Цагдаа нар шалгасан чинь украин хүний цогцос тэдний дунд байсангүй. Бүгд Оросын юм уу Казахстаны иргэд, замд явж байгаад “хөлдөөгчидтэй” тулгарсан нь тэр. “Хөлдөөгчид” мэдээж замын цагдаагийн ажилтны хувцастай, хүнгүй газар машиныг нь зогсоогоод, хүмүүсийг нь алж, унаа хийгээд мөнгийг нь авсан байв.
Дашрамд хэлэхэд, Орост ялангуяа хилийн Ростов, Воронеж, Смоленск мужид машин зөөгчдийг энэ мэт “замын цагдаа” нараас учруулах хохирлыг нь даатгах тогтолцоо байхгүй байжээ. Машин зөөгчид өөрсдөө мэдээж амиа хамгаалах арга хэмжээ урьдчилан авсан л байж таарна. Тэдний олонх нь “замын цагдаа нар” шаардсан ч зогсдоггүй байсан гэдэг. Зарим нь олуул хамт явдаг байж. Германаас янз бүрийн хамгаалах хэрэгсэл, түүгээр ч барахгүй гар буу худалдаж авдаг хүмүүс ч байсан аж. Ямартай ч тэр үед “гадаад машин зөөх” бизнес амь насанд хамгийн халтай “ажлын” нэг байжээ.