Хил дээр хана босгоход гарах зардлыг Мексикээс гаргуулж авна гэдэгтээ АНУ итгэлтэй байгаагийн нэг гол үндэслэл нь одоо мөрдөж буй худалдааны журамд өөрчлөлт оруулах явдал аж. Америкийн Хууль зүйн сайд, ерөнхий прокурор Шефф Сешнс ням гаригт АВС теле сувгийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа ийн мэдэгджээ.
Мексик мөнгө төлөх болов уу гэсэн асуултад тэрбээр “Бид ямар нэг аргаар төлүүлнэ, төлүүлэх арга олон бий. Үүнд эргэлзэх хэрэггүй” гэж хариулсан байна. Хана босгохын ач тусыг “Олон тэрбум ам.доллар хэмнэх боломж бидэнд олдохын зэрэгцээ нууцаар орж ирдэг хүмүүсийн тоо эрс цөөрнө” гэж тэрбээр үзэж байгаа аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мексиктэй залгаа хил дээрээ томоохон хана босгох шийдвэрт бүр нэгдүгээр сарын 25-нд гарын үсэг зурж, уг ажлыг даруй эхлүүлнэ хэмээн мэдэгдсэн юм. Үүнд 12 тэрбум ам.доллар шаардлагатай гэж тэрбээр сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр хэлж байв.
Трампын засаг захиргаатай сайн харилцаатай байна гэдэгт найдаж буй ч хана босгосны зардлыг төлөхгүй гэж Мексикийн Ерөнхийлөгч Энрикэ Пенья Ньето урьд нь хэлж байсан билээ.