Аж ахуйн нэгж, байгууллагын улсад төлөх татварын хэмжээ буурсаар байгаа. Энэ нь компанийн захирал, нягтлан бодогч нар татвараас зайлсхийдэгтэй холбоотой гэх. 2016 онд гэхэд 2400 орчим компани 400 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэргийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан шалгаж эхэлжээ.
Бидний авсан мэдээллээр нэр бүхий 19 компани, татвар төлөгч байгууллагуудтай хуйвалдаж, улсад төлөх татварын хуурамч баримт бүрдүүлэн, хоосон бичилт үйлддэг байсан нь тогтоогдоод буй гэнэ.
Дээрх аж ахуйн нэгжүүд санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдэж, НӨАТ гэж татварын тайланд тусган их хэмжээний мөнгө буцаан авахаар болгож, бараа материал худалдан борлуулсан мэтээр татварын баримтыг хууль бусаар гаргаж өгсөн гэнэ. Санхүүгийн луйвар явуулдаг байгууллагууд нь бусад компанийн нэрийг ашиглан барилгын материал импортлоод гаалийнханд төлсөн НӨАТ-ын падаан гаргаж өгдөг болохыг тогтоосон аж.
Санхүүгийн луйвар хийдэг компаниуд татварын асуудалтай аж ахуйн нэгжүүдийн улсад төлөх мөнгөн дүнгийн 2-4 хувьтай тэнцэх хэмжээний төлбөрийг бэлнээр авч, оронд нь татвар төлсөн мэтээр хуурамч баримт бүрдүүлэн өгч, улсад онц их хэмжээний хохирол учруулж байжээ.
Тухайлбал, санхүүгийн луйврын ажиллагаа зохион байгуулсан хэрэгт сэжиглэн “Энхбуян хүслэн”, ХХНЦ, “Их мөрөөдлийн жигүүр”, “Монгол гранд эйнжл инвестмент”, “Дашиншил” зэрэг 19 компанийн удирдах албан тушаалтнуудыг шалгаж эхэлсэн гэнэ.
Эдгээр компанийн зөвхөн нэг нь л гэхэд ганцхан жилийн дотор дунджаар 45 тэрбум төгрөгийн хуурамч тайлан гаргаж өгсөн гэнэ.