АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон “Цөмийн зэвсгийн талаар Ирантай хийсэн гэрээг амжилтгүй болсон” гэж үзэж буйгаа лхагва гаригт сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ. “Ираныг цөмийн зэвсэггүй болгох зорилгоор хамтарч боловсруулсан өргөн хүрээтэй энэ төлөвлөгөөгөө биелүүлж чадсангүй. Уг төлөвлөгөө цөмийн зэвсэгтэй улс болох Ираны зорилгыг түр хойшлуулснаас хэтэрсэнгүй” гэж тэрбээр хэлжээ.
Тиллерсон Ираныг Сири, Йемен, Ирак, Ливанд АНУ-ын эрх ашгийг хохироосон, Израилийн эсрэг довтолгоог дэмжсээр байгаа, дэлхий дахинд алан хядах ажиллагааг ивээн тэтгэж буй гол улс гэж үзсээр байна. Олон тооны зөрчил хурцадсаны хариуцлагыг Иран хүлээх ёстой. Энэ улс Умард Солонгосын замаар явж ч болзошгүй гэж тэр хэлсэн байна. Персийн булангаар хөлөг онгоцнууд чөлөөтэй зорчиход саад хийж байна гэж Ираны Тэнгисийн цэргийн хүчнийг бас буруутгажээ.
Ирантай цөмийн зэвсгийн асуудлаар байгуулсан гэрээний нөхцөлийг үнэлж цэгнэхийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлдөө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 19-нд үүрэг болгосон байна.
Тегераны цөмийн хөтөлбөрийн асуудлаар олон улсын зуучлагч “зургаа” (АНУ, ОХУ, Хятад, Англи, Франц, Герман) болон Иран улс 2015 оны долдугаар сарын дундуур тохиролцоонд хүрсэн юм. Нэлээд хоригоо цуцлуулсны хариуд Иран улс уран баяжуулах үйл ажиллагаагаа хязгаарлах үүрэг авсан билээ. Гэвч тус улс баллистик пуужин бүтээх ажлаа үргэлжлүүлсээр байсан болохоор хязгаарлах арга хэмжээгээ АНУ 2016 оны аравдугаар сард 10 жилээр сунгажээ.