Умард Солонгосын эрх баригчдыг солих юм уу, тэдэнтэй зөрчил тэмцэлтэй байхыг АНУ хүсэхгүй байна гэж Төрийн нарийн бичгийн даргын Зүүн Ази, Номхон далайн асуудал хариуцсан туслахын үүрэг гүйцэтгэгч Сюзан Торнтон мэдэгдлээ. Энэ асуудлыг Солонгосын хойгийг энхийн аргаар цөмийн зэвсэггүй болгох замаар шийдвэрлэх хүсэлтэй гэдгээ бид ойлгомжтой илэрхийлсэн гэж тэрбээр хэлсэн байна.
Түүнээс гадна Умард Солонгосын зүгээс ирэх аливаа аюул занал, довтолгоонд бид тохирсон хариуг нь барина гэж бас мэдэгдлээ. Умард Солонгос заналхийлсэн байдлаа үргэлжлүүлээд байхыг АНУ зөвшөөрөх бодолгүй байгааг тэрбээр давтаж илэрхийлжээ.
Пхеньян пуужин туршихаа үргэлжлүүлэхээр төлөвлөж буй гэж Умард Солонгосын Гадаад хэргийн дэд сайд Хан Сонг Рёль энэ сарын 17-нд мэдээлж байсан юм. Тэрбээр бид пуужингийн туршилтаа долоо хоног бүр, сар тутам, жил болгон хийнэ гэж хэлсэн байдаг. АНУ Пхеньяны эсрэг цэргийн хэрэгсэл ашиглах хүртлээ ухаангүй үйлдэл хийвэл бүрэн хэмжээний дайн эхлүүлэх ч боломж бидэнд бий гэж тэрбээр анхааруулсан.
Пхеньян цөмийн зэвсгээр түрээ барих үйлдлийг Москва хүлээн зөвшөөрөхгүй гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдсэн. Гэхдээ зарим нэг улсын зүгээс үзүүлэх хариу үйлдэл олон орны эрхийг зөрчих ёсгүй. Тийм учраас Сирид саяхан бидний үзсэн шиг нэг талын үйлдэл хийхгүй гэдэгт найдаж байна хэмээн тэрбээр онцолжээ.
Шинээр өдөөн хатгасан үйлдэл хийсэн тохиолдолд “залхаах арга хэмжээ” авахаар АНУ-ын Дэд Ерөнхийлөгчи Майкл Пенс, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хван Гё Ан нарын хийсэн мэдэгдэлд ОХУ-ын Гадаад хэргийн сайдын энэ үг хариу болов.