Техник, технологийн дэвшлийг ашиглан гэмт хэрэг үйлдэх явдал цөөнгүй гарах болсон. Зарим банкны цахим болон гар утсаараа төлбөр тооцоо хийдэг үйлчилгээг ашиглан бусдыг залилсан хэрэг гарч байна. Тухайлбал, “Өгөөмөр” техникийн захаас Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэст “Үл таних хүнд залилууллаа” гэсэн мэдээлэл уржигдар 16.00 цагийн үед иржээ.
Хан-Уул дүүргийн иргэн Б-ээс нэгэн хүн “Тоёота” машиндаа зуны хоёр дугуй, дөрвөн обуд худалдаж аваад мөнгийг нь мобайл банкаар шилжүүлнэ гэж хэлээд өгөлгүй зугтсан аж. Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн шуурхай эрэн сурвалжилсны дүнд Багануур дүүргийн харьяат Н гэгч уг хэргийг үйлдээд зугтсаныг олж, саатуулсан байна.