Танкийн, тагнуулын болон явган цэргийн анги салбарт эмэгтэй хүн авахад хязгаар тогтоосон шийдвэрээ цуцаллаа гэж Японы Батлан хамгаалахын сайд Томоми Инада зарлав. Өнөөгийн цаг үед тохирсон өөрийгөө хамгаалах хүч эмхлэн бий болгохыг бид хичээж байна. Бүх хязгаарлалтыг хүчингүй болгосон гэж тэрбээр Засгийн газрын хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдэгджээ.
Японы Тэнгисийн болон Агаарын цэргийн хүчинд эмэгтэй хүн алба хаахыг урьд нь зөвшөөрсөн байв. Тэгээд бүсгүйчүүд удирдах албанд дэвшиж, байлдааны хөлөг онгоцны ахмадаар хүртэл ажиллаж байжээ. Тэгвэл одоо радио идэвхт материалтай харьцдаг тусгай цэрэг, усан доогуур явдаг завинд алба хаахыг эмэгтэйчүүдэд хориглоод буй. Энэ нь тэдэнд тусгай байр сав гаргаж өгөхөд түвэгтэй байсантай холбоотой аж. Байлдааны ажиллагаанд шууд оролцдог Зэвсэгт хүчний анги, салбаруудад урьд нь зөвхөн эрчүүд ажилладаг байжээ. 1993 онд хязгаарлалтыг нэлээд хэмжээгээр цуцалж, яваандаа нэг бус удаа сулруулсан байна.
Батлан хамгаалах яаманд байгаа баримтаар бол өнгөрсөн оны эцсээр Японы өөрийгөө хамгаалах хүчинд 14 мянган эмэгтэй алба хааж байсан нь нийт бүрэлдэхүүний зургаа гаруйхан хувийг эзэлж байжээ гэсэн үг.