Ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийнхан хонхны баяраа тэмдэглээд эхэлжээ. Нийслэлийн Цагдаагийн газраас БСШУСЯ-ныханд архигүй хонхны баяр тэмдэглүүлэхээр холбогдох албан бичгээ хүргүүлсэн. Гэвч холбогдох яам нь ямар нэг шийдвэр гаргаагүй байтал оюутан охин амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн баасангаас бямба гаригт шилжих шөнө гарчээ. “Их засаг” их сургуулийн оюутнууд хонхны баяраа тэмдэглэж, өнгөрсөн баасан гаригт Баянзүрх дүүргийн нутаг, Гачуурт орчимд байрлах нэгэн амралтын газарт очиж, наргисан гэнэ. Архи хэтрүүлснээс болсон уу, эсвэл өөр ямар нэг шалтгаан байсан уу, гэрт орж унтсан охин өглөө сэрээгүй аж. Хэрэг гарах үед 59 оюутан, дөрвөн багш байсан талаар эх сурвалжууд мэдээлж байна. Уг хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтэст шалгаж буй бөгөөд төгсөлтийн баяраа тэмдэглэхдээ согтууруулах ундааг тохируулан хэрэглэхийг тус хэлтсийнхэн санууллаа.