АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг орлогоо ил болгохыг шаардаж өнгөрсөн бямба гаригт Нью-Йоркийн гудамжинд олон мянган хүн жагсчээ. Ийм эсэргүүцэл Америк болон хилийн чанадад 150 гаруй удаа болсон байна. Эсэргүүцлийн жагсаалыг Европ болон Япон, Шинэ Зеландад хийхээр төлөвлөж буй сурагтай.
Орлогын мэдүүлгээ ил болгохоос Ерөнхийлөгч татгалзаж буйд олон түмний анхаарлыг татахыг Нью-Йоркт жагсагчид хүсэж байгаа юм байна. Сүүлийн 40 жилд сонгуулийн өмнөх кампанийн үеэр орлогын мэдүүлгээ ил болгоогүй томоохон намаас нэр дэвшигчдийн анхных нь Трамп болсон аж.
Түүнийг хуулийн цоорхойг ашиглан орлогоо нуусан байж болзошгүй гэж улс төрийн “дайснууд” нь мэдэгдсэн байна. Тэрбээр өнгөрсөн оны есдүгээр сард АВС телесувгийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа “Энэ асуудал хэвлэлийнхнээс өөр хэнд ч сонирхолтой гэж би бодохгүй байна” гэж хэлжээ.