Газрын дундад тэнгис гатлах гэж явсан хууль бус 2000 гаруй цагаачийг өнгөрсөн баасан гаригт 19 удаагийн ажиллагаа явуулж байж аварлаа гэж Италийн эргийн хамгаалалтын албаны төлөөлөгч мэдээлсэн байна. Завинуудын нэгээс нь өсвөр насны хүүхдийн цогцос олсон гэж “Хил хязгааргүй эмч” байгууллага олон түмэнд дуулгав.
Италийн эргийн хамгаалалтын албаны төлөөлөгч үүнийг нь нотолжээ. Газрын дундад тэнгис энэ онд ч оршуулгын газар болсоор байгаа аж. Хууль бус цагаачлалтай тэмцэхэд зориулж 800 сая еврогийн тусламж үзүүлэхийг Африкийн цагаачдын хувьд “Европ руу нэвтрэх цонх нь” болж буй Ливи улс Итали болон Европын холбооноос өнгөрсөн сарын эцсээр гуйж байжээ.
Энэ нь радарын төхөөрөмж, нисдэг тэрэг, газар сайгүй явагч, жижиг усан онгоц, хиймэл дагуулын утсан харилцаа олгохыг хүссэн хэрэг юм. Европын нэгэн дипломатч урьд нь хэлснээр бол “Ливийн энэ хүсэлтийг Европын холбоо биелүүлэхдээ хуучин төхөөрөмж юм уу, дүрвэгсдийг зөөж буй хүмүүсээс хурааж авсан эд хөрөнгөнөөс өгч магадгүй” аж.
Европын холбооны “Frontex” агентлагийн баримтаар бол Газрын дундад тэнгисээр 2016 онд голдуу Африкаас 180 мянга гаруй хүн Италид ирсний олонх нь нигеричүүд, Эритрей, Гвиней, Кот’д Ивуар, Гамбийн иргэн байжээ. Өнгөрсөн онд амиа алдсан, сураггүй болсон цагаачдын тоо 5000-д хүрсэн байна.
Хууль бус цагаачлалын эсрэг хамтран ажиллахаар Итали, Ливи улс өнгөрсөн хоёрдугаар сард гэрээ байгуулж, түүний дагуу Итали улс Ливид эргийн хамгаалалтын 90 ажилтан бэлтгэж өгчээ.