“Байлдааны ажиллагааны тухайд би юуг хэрхэн хийхээр төлөвлөж буй талаараа ярих дургүй” гэж Иорданий ван Абдаллатай хамт энэ сарын 5-нд сэтгүүлчидтэй уулзахдаа Дональд Трамп хэлсэн юм. Үүнээс хоёр хоногийн дараа Америкийн Тэнгисийн цэргийн хүчин Сирийн нисэх онгоцны буудал руу “Томагавк” хэмээх далавчит пуужин 59 удаа харваж Цагаан ордны одоогийн эзэн урьдчилан таамаглахын аргагүй хүн болохыг дэлхий дахинаа харууллаа.
Сирид өгсөн энэ цохилт Трампад гадаад бодлогын тодорхой стратеги байхгүйг илүү дутуугүй нотоллоо гэж үзэх хүн олон байна.
“Биднийг хүчирхийлэх боломжийг Хятад улсад яагаад ч олгож болохгүй. Тус улс чухам үүнийг хийх гэж байна. Энэ бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том луйвар юм” гэж сонгуулийн өмнөх кампанийхаа үеэр Трамп хэлж, “Бээжингийн “дээрэмдсэн” ажлын байрыг эргүүлж авчирна” хэмээн амлаж байлаа.
БНХАУ-ын удирдагч Си Зиньпинтэй Америкийн 45 дахь Ерөнхийлөгч Флорида дахь өөрийн эзэмшил газарт уулзсанаас төрсөн сэтгэгдлээ хуваалцахдаа “Бид нөхөрсөг харилцаа тогтоолоо. Хэтийн ирээдүйд бид маш сайхан харилцаатай байх болно гэж бодож байна. Би чухам үүнийг хүлээж байна” гэж хэлэв.
Тухайн үед Төрийн тэргүүн байсан Барак Обамаг Си-тэй ёсорхож цаг алдалгүй, “Макдоналдст” оруулж хооллуулаад хэлэлцээрийн ширээний ард аваачиж суулгахыг 2015 онд Трамп уриалж байлаа. Гэтэл нөгөө тэрбумтан маань өөрөө Ерөнхийлөгчийн сэнтийд залармагцаа шал өөр болж, Хятадын удирдагчийг төрийн ёслол хүндэтгэлийн ёс журмын дагуу хүлээн авч, дуртай зоогоор нь дайлав.
Трампын сонгуулийн өмнөх өөр олон амлалт ийм хувь тавилантай учирч байна. Тухайлбал, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлмэгц Хятад валютын заль мэх хэрэглэснийг нь зарлаж, тус улсаас орж ирж буй бүх бараанд 45 хувийн татвар ногдуулна хэмээн тэрбээр заналхийлсэн юм. Гэтэл ийм юм ер болсонгүй.
“Нэг Хятад”-ын бодлогоос татгалзаж, Тайванийн тусгаар байдлыг хүлээн зөвшөөрөх нь тийм ч түвэгтэй юм биш гэж тангараг өргөхөөсөө өмнө итгэл төгс хэлж байсан бол Си Зиньпинтэй анх удаа утсаар ярьснаасаа хойш ийм алхам хийхгүй байхаар шийдсэн.
Гэхдээ Хятадад хандах байдлаа Трамп бүхэлд нь өөрчилсөн гэвэл худал хэлсэн болно. Олон улсын худалдаанд эрхээ хэтрүүлэн ашиглах явдалтай тэмцэх тухай хоёр ч зарлигт Си Зиньпиний айлчлалын өмнөхөн гуравдугаар сарын 31-нд Трамп гарын үсэг зурсан юм.
Худалдааны баланс алдагдсаны шалтгааныг өргөн цар хүрээтэй шалгаж, байдлыг хэрхэн засаж залруулах талаарх саналаа гурван сарын дотор танилцуулахыг холбогдох хүмүүст даалгалаа. Хямд үнээр бараа экспортолдог гадаадын үйлдвэрлэгчдийн эсрэг арга хэмжээ авахыг мөн зарлиг болгов. Трампын энэ шинэ зарлигуудыг “Америкийн сайн сайхан байдлыг хулгайлахад цэг тавина” гэж тайлбарлаж байна.
Америк, Хятадын удирдагчдыг яриа хэлэлцээ хийж байх яг тэр үед АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин Сирийн Засгийн газрын хүчний нисэх онгоцны буудалд пуужингаар цохилт өгсөн. Америкийн одоогийн Ерөнхийлөгч шаардлагатай гэж үзвэл эргэлзэлгүйгээр хүч хэрэглэхэд бэлнээрээ өмнөх удирдагчаасаа ялгаатайг хятадуудад энэ үйлдэл харуулах ёстой байв гэж олон шинжээч дүгнэжээ.
Хоёр удирдагчийн уулзалт нэгэнт өндөрлөсний дараа Трамп өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “Ерөнхийлөгч Си Зиньпин, хатагтай Пэн Лиюань нарыг хүлээж авч уулзах нь миний хувьд их нэр төрийн хэрэг байлаа. Бид сайн андын харилцаа тогтоож, харилцан ойлголцлоо. Худалдааны хувьд яахыг цаг хугацаа харуулна” гэж олон сая уншигчдадаа уламжлав.
Оросын Ерөнхийлөгчтэй дотно харилцаа тогтоож, Москва, Вашингтоны хоорондын хамтын ажиллагааг илбэн тохинуулна гэдэгт найдаж буйгаа Трамп сонгуулийн өмнөх сурталчилгааныхаа үеэр нэг бус удаа хэлж байсан билээ. Тэрбээр өөрийн байр суурийг тайлбарлахдаа “Бид тэднийг (оросуудыг) Хятад руу түлхчихсэн юм. Орос, Хятад хоёрыг ойртуулж огт болохгүй” гэж хэлсэн байдаг.
Түүнээс хойш Оросын гэх хүчин зүйл Америкийн дотоодод улс төрийн ихээхэн чухал байр эзлэх болов. Оросын хакеруудыг Трампын ялалтад нөлөөлсөн гэж буруутгаад зогсохгүй Трампыг өөрийг нь Кремлийн удирдагчийн дохиогоор хөдөлдөг хүүхэлдэй гэж хэлэх шахсан. Гэтэл “Politico” сонины тэмдэглэснээр бол Сирийн Засгийн газрын хүчинд пуужингаар цохилт өгөхөөр Трамп шийдсэн нь Оросын хүсэл зоригийг сөрөх чадвартайгаа харуулах боломжийг түүнд олгосон байна.
Энэ утгаар нь авч үзвэл уг цохилт бодитой ямар ч хохирол учруулаагүй төдийгүй Москватай харилцаж буй одоогийн байдалд олигтой нөлөө үзүүлсэнгүй. Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоны Москвад хийх айлчлалыг цуцалсангүй, Сирийн чиглэлд АНУ-тай хамтарч ажиллах хэтийн төлөв бий гэдэгт Кремль итгэл алдрахгүй байгаа бололтой.
Хоёр талын аль нь ч дорвитой буулт хийх төлөв ажиглагдахгүй байгаа ч алан хядах ажиллагаа, цөмийн зэвсэг дэлгэрүүлэхийн эсрэг тэмцэх нь Америк, Орос хамтарч ажиллаж болох цөөн салбарын нэг байсаар байх болно. Кеннаны хүрээлэнгийн захирал Мэтью Рожански “Аливаа буулт шаардахгүй өөр салбар үлэмж ховор” гэж үзэж байна.
Оросын ШУА-ийн дэргэдэх Е.М.Примаковын нэрэмжит Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал Фёдор Войтоловский ч түүнтэй санал нэг байгаа аж. Трамп дотоод улс төрийн түвэгтэй нөхцөлд байгаа болохоор Оростой харилцаагаа сэргээхээс татгалзаж чадахгүйг Москва ойлгож буй юм.
Америкийн Төрийн Департаментийн тэргүүний хийх айлчлалыг цуцлахгүй байгаа нь харилцан яриа хөөрөө хийхэд Орос бэлэн буйг гэрчилж буй бөгөөд үүний нөөц боломж нь Сириэр шавхагдахгүй юм. Тиллерсоны цүнхэнд Украин, олон улсын алан хядах ажиллагаатай тэмцэх, зэвсэглэлд хяналт тавих, хоёр талын (түүний дотор эдийн засгийн) харилцаа, хориг гээд ярилцах олон сэдэв байгаа. Энэ бүхнийг олон түмэнд ил тод ярихгүй л дээ гэж Войтоловский тайлбарласан байна.
Тель-Авивын сайн нөхөр нь байж, түүгээр ч барахгүй Иерусалимыг еврей улсын нийслэл хэмээн хүлээн зөвшөөрнө гэж 2015 оны арванхоёрдугаар сард Вашингтонд болсон БНН-ын еврей нарын уулзалт дээр Трамп амлаж байв. АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Иордан голын баруун эрэг дээр суурин байгуулахыг тоохгүй нь гэж Израилийн нийгмийн барууны, хэт барууны үзэлт хэсэг найдав. Тэгээд Трамп бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд хэдхэн хонож байхад, суурин барих ажилдаа орсон юм.
Гэтэл тангарагаа өргөсний дараахан Израилийн “Israel Hayon” сонины сурвалжлагчтай ярилцахдаа суурин барих нь энхийн үйлсэд түлхэц болохгүй гэж мэдэгдээд, палестинчуудтай харилцаагаа хэрхэн сайжруулах талаар сайн бодохыг Тель-Авивт зөвлөх нь тэр.
Тэгэхдээ “Би Израилийг маш сайн ойлгож, хүндэтгэж байна. Израильчууд үлэмж хүнд хэцүү хэдэн эринг туулсан. Израильчууд, палестинчууд хоорондоо энх амгалан байгаасай гэж би хүснэ” хэмээн хэлж тэрбээр еврей улсын зүгээс ширүүн шүүмжлэл хүлээхээс мултарсан юм.
Сонгуулийн өмнө Трампын өгсөн амлалтууд Америкийн үндэсний эрх ашигтай зөрчилдөж, бүс нутгийг аюулд өртүүлж байна гэж Америк-Британийн судалгааны “U.S/Middie East Project” хүрээлэнгийн ерөнхийлөгч, шинжээч Даниел Леви үзэж байгаа юм байна. Тэрбээр израильчуудтай хэтэрхий ойр дотно болох, палестинчуудтай илт дайсагналцахаас төрийн чухал алба хашиж буй цэргийн хууччуул сэрэмжилж байна гэж хэлсэн байх юм.
Түүний бодлоор бол америкчууд болгоомжгүй хандвал бүс нутагт хэт даврах үзлийг дэврээхэд хүрч болзошгүй, тиймээс л Трамп “дуугаа намсгаж” байгаа болов уу.
Иранд Трамп илүү тууштай хандаж байна. Ирантай “цөмийн наймаа” хийхээс татгалзах гол амлалтаа биелүүлээгүй байгаа ч Тегераныг дэлхийд нүүрлэсэн аюул занал хэмээн тэрбээр нэрлэж буй. Иран улс баллистик пуужин туршсаны дараа тус улсын хэсэг иргэн, компанийн эсрэг Вашингтон шинэ хориг тавьсан.
Тэглээ ч Солонгосын хойгийн байдал хурцдах, холбоотнуудынх нь найдваргүй байдал юм уу Сирийн зөрчилдөөнд тэд улам бүр татагдан орж буй зэрэг олон хүчин зүйл Ирантай сөргөлдөхөөс Трампыг хөндийрүүлж болох юм.
Бусад улс оронтой хэрхэн харилцах талаарх үзэл бодлоо Трамп өөрчлөөд байгаа нь олон шалтгаантай. Нэгдүгээрт, сонгууль нэгэнт өнгөрсөн болохоор өдөөн хатгасан хатуу ширүүн үгээсээ татгалзаж байж болно. Хоёрдугаарт, Трамп Төрийн тэргүүний хувьд АНУ-ын холбоотнууд болоод өрсөлдөгчдийнхөө талаар одоо илүү мэдээлэлтэй болсон байгаа.
Гуравдугаарт, уламжлалт чиг хандлага баримталдаг хүмүүсийг тэрбээр засаг захиргааныхаа өндөр дээд албан тушаалуудад сонгож авсан, тэдний үзэл бодол гаргах шийдвэрт нь нөлөөлж буй гэж Хадсоны хүрээлэнгийн Цэрэг, улс төрийн дүн шинжилгээ хийх Төвийн захирал, ОУ-ын мэтгэлцээний “Валдай” клубийн шинжээч Ричард Вайц үзэж байна. Гэхдээ бүхэлд нь авч үзвэл гадаад бодлогодоо Трамп ихээхэн барьц муутай байгаа юм. “Аливаа шийдвэрээрээ стратегээ ийн өөрчлөөд байгаа нь ойрын ирээдүйд сайн үр дүнтэй байж болох ч хэтдээ бэрхшээл учруулах нигууртай.
Аль ч чиглэлд удаан хугацаанд баримтлах бодлогоо АНУ бүдэг ч гэлээ төлөвлөхгүй бол түншүүдтэйгээ ажиллахад түүнд түвэгтэй байх болно” гэж Вайц сэрэмжлүүлж байна. Түүний бодлоор орчин тойронтойгоо харилцаагаа цогцлоож буй одоогийн шинж төлөв Трампын хувьд холбоотнуудынхаа итгэлийг алдахад хүргэж мэднэ. “Улс төр чинь тухайн үедээ яаралтай шийдвэр гаргах төдийгүй итгэл төрүүлэх урлаг юм” гэж Вайц үзэж байна.
Стратеги байхгүй байгаа нь Трампын ухамсартай сонголт гэхээсээ илүү түүнд улс төрийн туршлага дутагдаж байгаагийн үр дагавар юм. Түүний хөтөлбөрт “Америкийг дахин агуу болгоно” гэсэн амлалт нь л хөшүүрэг болж байгаа. Трампын туйлын хүслэн бол үйлдвэрлэл нь гадагш алдагдаагүй, Вашингтонтой тэнцүү хүчтэй тоглогч нь ганцхан ЗХУ байсан 1950-иад оны АНУ юм.