Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Монгол Улсад “Жи-Тайм” гэх луйврын сүлжээ нэвтэрч, сүлжээний Монгол дахь салбарын захирал гэгч Ж.Маратыг өөр хэдэн хүний хамт “Чингис хаан” нисэх буудал дээрээс хууль сахиулах байгууллагынхан баривчлаад багагүй хугацаа өнгөрчээ.
Гэтэл өдийг хүртэл энэ сүлжээнд хөрөнгө оруулсан иргэдийн хохирлыг барагдуулаагүй тул өнөөдөр “Жи-Тайм” корпорацын гишүүд хэвлэлийнхэнд хандлаа.
Тэдний хэлж буйгаар улсын бүртгэлийн гэрчилгээтэй, татвар төлдөг, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан “Жи-Тайм” корпорацын үйл ажиллагааг хүчээр зогсоогоогүй, хэвийн явуулж байсан бол улсад татвар төлж, олон хүн хохирох нөхцөл бүрдэхгүй байсан хэмээн мэдэгдэв. Мөн хууль хяналтын байгууллага асуудлыг шалгаж дуусахыг хүлээхэд нөхцөл байдал хурцадмал болсон тул гишүүд нэгдэн, өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах, санхүүгийн хүнд байдлаас гарахын төлөө тэмцэхээ илэрхийлэв.
Гишүүн Ж.Анхтуяа: Би энэхүү компанийг баталгаатай эсэхийг нь нягталж байж гишүүнээр элсэж байсан. Үр ашгийг нь ч хүртсэн. Үндсэн зарчмаараа ажиллаад 8000 ам.долларын цалин авч, багийн нэг ч хүнийг хохироогоогүй ажилласан багууд олон бий. Тийм байхад хүчээр царцааж, олон мянган хүнийг орлогын эх үүсвэрээс нь салгах хэрэг байгаагүй. Бид 135 мянгаас 2 сая 300 мянган төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд онлайн худалдаа эрхэлж байсан хүмүүс. Харин компанийн хувьд 1 тэрбум 398 сая төгрөгийн татварыг улсад төлсөн. Тиймээс өнөөдөр “Жи-Тайм” корпорацыг ажиллуулж өгөөч ээ, зүгээр ажиллаж байсан хүмүүсийг битгий царцаагаач гэж хүсэхээр ирсэн юм” гэв.
Харин гишүүн Н.Тогоохорол: Бид өөрсдийн хүсэл сонирхлоор ажилласан. Хэн ч хохироогүй. Хохирсон гэж яриад байгаа хүмүүс өөр зүйлд луйвардуулсан байгаагаа тэгж яриад байгаа юм. Налайх дүүргийн нэг жилд төлдөг татварыг “Жи-Тайм” компани ганцхан сарын дотор төлсөн. Дахиад дараа сарын татвар болох нэг тэрбум 400 сая төгрөгийг төлөх гээд бэлэн болгоод байж байсан гэсэн. Ингэж байтал улс зургаан тэрбум төгрөг болон онлайн худалдааны хоёр тэрбум төгрөгийн 40 тонн барааг битүүмжилсэн.
Би 55 настай. 35 нас хүрээд л төр засагт “адлагдсан”. Ажилд орох гэхээр залуу хүн авна гэх шалтгаанаар ажилд авахгүй. Арай гэж тэтгэвэрт гарах нас хүрлээ гэхэд тэтгэврийн насыг сунгаж байна. Насаараа төр засагтаа адлагдаж явсан биднийг эдийн засгийн чадамжтай болгож өгсөн компани бол “Жи-Тайм” юм. Хэрвээ яаралтай шийдвэр гаргахгүй бол Сүхбаатарын талбайд бүхний өмнө шатахад бэлэн байна” гэж ярилаа.