“Хүүхдийг зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр” өнөөдөр тохиож байна. Замын цагдаагийн албанаас жил бүрийн энэ өдрийг авто ослын хор уршгийг хүүхэд, эцэг, эхчүүдэд таниулах, тэдэнд замын хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох мэдлэг, дадал олгох, замын хөдөлгөөнд оролцогчдын үүрэг, сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор дөрөв дэх жилдээ тэмдэглэж байна.
Энэ оны эхний гурван сарын байдлаар зам, тээврийн ослын улмаас 13 хүүхэд амиа алдаж, 34 хүүхэд гэмтжээ. Сүүлийн зургаан жилд улсын хэмжээнд зам, тээврийн осолд 7410 хүүхэд өртөж, 300 нь хорвоог орхисон байна. Энэ нь ерөнхий боловсролын сургуулийн зургаан анги үгүй болж, 142 ангийн сурагч ямар нэгэн байдлаар гэмтсэнтэй харьцуулж болох тоо юм.
Осолд өртөж буй шалтгааныг авч үзэхэд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ зориулалтын хамгаалалтын суудал, бүс хэрэглэдэггүй, буруу тээвэрлэдэг, орон нутгийн замд хурд хэтрүүлдэг, дүрэм зөрчдөг, гарцгүй газраар зам хөндлөн гарах, ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх зэргээс болжээ.