Хар тамхитай холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх хэлтсийг өнгөрсөн сард Хар тамхитай тэмцэх газар болгон үйл ажиллагааг нь өргөтгөн зохион байгуулсан. Тус газраас хар тамхи, мансууруулах бодисын төрөл болох "ICE" буюу мөсийг Монгол Улсын хилээр нэвтрүүлж, бусдад зарж борлуулдаг дөрвөн бүлэг этгээдийг 2017 оны гуравдугаар сарын 13-26-ны хооронд баривчилсан байна.
Тухайлбал,
- Монгол Улсын иргэн 50 настай эмэгтэй Б гэгч нь гуравдугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд дэх хилийн боомтоор 200 гр орчим хар тамхи нэвтрүүлж, бусдад зарж борлуулж байхад нь баривчлан шалгаж байна. Түүнтэй хамт 38 настай эрэгтэй А, 33 настай эрэгтэй Э мөн Г гэгч эмэгтэйг хамт саатуулжээ.
- Монгол Улсын иргэн, 35 настай эмэгтэй Х гэгч нь өнгөрсөн сарын 23-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаар 70 гр орчим хар тамхи нэвтрүүлсэн үйлдлийг “Буянт-Ухаа” боомтын Гаалийн албатай хамтран илрүүлсэн.
- Монгол Улсын иргэн 26 настай эрэгтэй Б, 26 настай эрэгтэй Э, 29 настай эрэгтэй А, 24 настай, эрэгтэй А нар мөн сарын 24-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд дэх хилийн боомтоор 14 гр орчим хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлсэн үйлдлийг илрүүлсэн.
- Монгол Улсын иргэн 37 настай эрэгтэй А, 24 настай эмэгтэй М нар нь гуравдугаар сарын 26-ны өдөр "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлаар 45.41 гр хар тамхи хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг “Буянт-Ухаа” боомтын Гаалийн албатай хамтран илрүүлсэн.
- Мөн Монгол Улсын иргэн 37 настай эмэгтэй О, 37 настай эмэгтэй А нар нь энэ сарын 02-ны өдөр 40 гр орчим хар тамхи, мансууруулах бодисыг 31 настай эмэгтэй М, 30 настай эмэгтэй М нар зарж борлуулсан хэргийг тус тус илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Сэрэмжлүүлэг!!!
Хар тамхи, мансууруулах бодис нь өөрөө хүний биед болон нийгэмд хор хөнөөлтэй, дэлхий нийтээрээ тэмцэж байгаа үхлийн цагаан тахал юм. Энэ төрлийн хэрэгт холбогдсон хүмүүс дийлэнх тохиолдолд цаг бусаар хорвоог орхидог.
Харин хууль бусаар хил нэвтрүүлэх, зарж борлуулах гэмт хэрэг нь Монгол Улсын эрүүгийн хуулиар 20 хүртэл жил хорих ялтай хүнд гэмт хэрэгт тооцогддог. Тодруулбал, 5-10 жил хүртэлх хугацаагаар хорих, давтан буюу бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, эсхүл их хэмжээгээр, түүнчлэн албан тушаалаа ашиглан үйлдсэн бол 10-20 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгүүлдэг байна.
Манай хөрш хоёр оронд ч хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт ялын чанга хатуу бодлого баримталдаг байна. Жишээлбэл, бүлэг зохион байгуулалттайгаар үйлдсэн, насанд хүрээгүй хүнийг хар тамхи, мансууруулах бодис хэрэглэхэд татан оролцуулсан, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, тээвэрлэсэн, хилээр нэвтрүүлсэн бол ОХУ-ын эрүүгийн хуульд 10-20 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар, БНХАУ-д 15 жил хүртэл хугацаагаар хорих, хугацаагүй хорих, цаазаар авах хүртэл ял шийтгэдэг байна.
Гадаад харилцааны яамнаас ирүүлсэн мэдээллээр манай улсын иргэд 2006 оноос хойших байдлаар БНХАУ-д 94, ОХУ-д тав, Казахстанд гурав, Германд нэг, Малайзад тав, Унгарт гурав, Бангладешт гурав, Грект нэг, Болгарт нэг, Словак улсад нэг, нийт 117 хүн хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдон шалгагдсанаас тээвэрлэсэн 13, хадгалсан 15, хилээр нэвтрүүлсэн 41, хэрэглэсэн 39, бусдад дамжуулсан хэргээр нэг иргэн тус тус шүүхээс ял шийтгэгдсэн байна.
Үүнээс торгуулийн ял шийтгэгдсэн зургаа, баривчлах ял шийтгэгдсэн 10, нас барсан хоёр, тодорхой хугацаатай хорих ялаар шийтгэгдсэн 42, хугацаагүй хорих ял шийтгэгдсэн тав, цаазын ял шийтгэгдсэн долоо, хэрэг нь хэрэгсэхгүй болсон долоо, мөн өнгөрсөн оны байдлаар есөн хэрэгт 9 иргэн холбогдон шалгагдсан байна.
Тиймээс иргэддээ анхааруулахад энэ төрлийн гэмт хэргийн хор аюулыг сайтар ойлгож, энэ аюулаас хүн бүр өөрийгөө хамгаалж ангид байхыг зөвлөж байна.