Эцгээ Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхад Иванка Трамп туслахаар нь ажилласныг бид мэднэ. Тэгвэл түүнийг Цагаан ордны тэргүүний зөвлөхөөр ажиллахаар болсныг өнгөрсөн сарын 29-нд албан ёсоор мэдээллээ. Одоо гадаад орнуудын удирдагчидтай Ерөнхийлөгч уулзах үед тэрбээр хамт байлцах эрхтэй болсон гэсэн үг. Иванка Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлыг цалингүй хийнэ гэдгээ нэгэнт амласан.
Ерөнхийлөгчийн хүүхдүүд Цагаан ордонд албан ёсоор ажил үүрэг гүйцэтгэж байсан тохиолдол АНУ-ын шинэхэн түүхэнд байгаагүй аж. Гэвч Трамп Төрийн тэргүүнээр ажиллах болсон нь санаанд багтамгүй явдал бөгөөд түүний засаг захиргаа бичигдээгүй олон хуулийг зөрчиж байгаа гэж шинжээчид тэмдэглэж байгаа юм.
Ингээд цагаачлал, цөөнхийн эрхийн тухайд Ерөнхийлөгчийг бодвол либерал үзэлтэй Иванка-Кушнер гэсэн гэр бүлийн хоёр Дональд Трампад зөвлөх болж байгаа. Жаред Кушнер нь Иванка Трампын нөхөр юм. Эдний хөрөнгө есөн оронтой тоогоор хэмжигдэхийг саяхан ил болгов. Тодруулбал, 240-740 сая ам.доллароор үнэлэгдэх аж. Энэ хоёр залуу уг нь АН-ын сонгогчид юмсанж. Тийм болохоор Стив Бэннон мэтийн Трампын хэт хуучинсаг үзэлт зөвлөхүүдэд “сөрөг хүчин” болж мэдэх юм.
Ерөнхийлөгчийн төрөл саданг Цагаан ордонд ажиллахыг албан ёсоор хориглосон шийдвэр байдаггүй, тэгээд ч Төрийн тэргүүн өөрийн багийг бүрдүүлэхдээ бусдаас илүү онцгой эрхтэй байдаг аж. Хүргэн Кушнерийг нь Трампын зөвлөхөөр томилбол хуульд нийцэх, эсэхийг судалж байсан гэж энэ оны нэгдүгээр сард Хууль зүйн яам нь мэдээлж байжээ. Трампын хүргэн ясны еврей бөгөөд Цагаан ордонд ирэхээсээ өмнө үл хөдлөх хөрөнгийн арилжаа эрхэлж байсны зэрэгцээ “The New York оbserver” сэтгүүлийн эзэн байсан.
Энэ залуу “Apple” фирмийн үйлдвэрлэсэн зөөврийн компьютертой хэрнээ “Windows” хөтөлбөрийг ашигладгийг нь анзаарсан хамтран зүтгэгчид нь түүнийг ихэмсэг зантайгаа харуулахыг чухалчилдаг юм байна гэж дүгнэсэн байдаг. Трампын сонгуулийн штабын ажилтнууд Оросын банкуудын төлөөлөл хийгээд Оросын Элчин сайд Сергей Кисляктай уулзсан талаар Конгрессын тагнуулын асуудал эрхэлсэн хороонд мэдүүлэг өгсөн хүмүүсийн нэг нь энэхүү Кушнер юм. “Хар хун: Дональд Трампын улс төрийн намтар” ном бичсэн, нийтлэлч Кирилл Бенедиктов сурвалжлагчтай ярилцахдаа “Кушнер гэргий (Иванка)-дээ хүчтэй нөлөөтэй, үүгээр уламжлан хадам эцэгтээ ч нөлөөлдөг” гэж хэлсэн нь бий.
Кушнер нэгэнт Трампын ахлах зөвлөх нь учраас түүнд нэлээд олон үүрэг ногдсоны дотор Хятад, Мексик, Канадтай харилцах асуудлыг хариуцуулсан байна. Түүнчлэн Палестин-Израилийн зөрчилдөөнийг зохицуулахтай холбоотой асуудлуудыг хариуцдаг нь илэрхий байгаа аж. Мөн саяхан Цагаан ордонд байгуулсан Шинэчлэл хийх газрын тэргүүнээр түүнийг томилсон.
“Кушнерийг ийм олон ажил албанд томилж буй нь Трампыг эсэргүүцдэг хэвлэл, мэдээллийн хэрэгслийн зүгээс эрс шүүмжлэл хүлээж байгаа. Иванка Трампыг Цагаан ордны баруун жигүүрт цалингүй зөвлөхөөр ажиллуулах болсон нь ч энэ шүүмжлэлийн эрч хүчийг улам нэмэгдүүлнэ” гэж нэгэн шинжээч хэлсэн байна. Түүний үзэж буйгаар бол Иванка өөрөө Ерөнхийлөгчийн засаг захиргаанд ажиллах бодолгүй байсан бололтой.
Ерөнхийлөгч эцгийнхээ зөвлөх болсон анхны охин нь Иванка биш аж. Францын Ерөнхийлөгч Жак Ширакийн охин Клод Ширак эцгийнхээ хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдтэй хамтарч ажиллах асуудлыг эрхлэн, сэтгүүлчидтэй холбоо тогтоохоос нь ихэд сэрэмжилж байсныг бид мэднэ. Сонгуулийн кампанит ажилтай холбоотой янз бүрийн сэдвээр Ширак охинтойгоо зөвлөлддөг байсан. Тэрбээр өөрийн зөвлөхүүдээс “Клод энэ талаар ямар бодолтой байна” гэж их асуудаг байсан гэдэг.
Оросын Ерөнхийлөгч агсан Борис Ельциний охин Татьяна Дьяченко эцгээ 1996 онд улиран сонгогдохын төлөө кампанит ажилд хэрэг болно гэж үзээд энэ Клодын туршлагыг судлахаар зориуд Францад очиж байжээ. Ельциний бэлэвсэн гэргий Наина Ельцинагийн ярьснаас үзвэл эцэг нь өөрөө охиноосоо тусламж хүссэн байна. “Сонгуулийн сунгааны эгзэгтэй үед штабынхан нь санал зөрөлдөөд, эргэлзэлгүй бүрэн итгэж болох хүн түүний (Ельцин) хажууд байх шаардлагатай болсон юм. Түүнээс биш Таня маань улс төрийн ажил ер сонирхдоггүй байсан” гэж Наина Ельцина ярьжээ.
Оросын улс төрийн тоймч, америк судлаач Михаил Таратута “Татьяна Дьяченкогийн америк хувилбар” гэж Иванка Трампыг нэрлэсэн удаатай. Тэрбээр сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Энэ бол ямар ч нөхцөлд Трампын итгэж болох хүн нь. Иванка түүнд сайн нүд нь төдийгүй эрүүл тархи нь байх болно. Энэ нь эрх мэдлийг эцэг, хүүхдүүд хуваан эдэлж буйн сонгодог жишээ ч гэлээ Трамп болоод Америкт муу юм ер болохгүй” гэж хэлсэн байдаг.
Иванка Мари Трамп 1981 онд Нью-Йорк хотноо бизнесмэн Дональд Трамп, Чехийн загвар өмсөгч Иванка Зельничкова нарын гэрт төржээ. Эцэг, эх нь 1977-1992 онд хамт амьдарч байв. Иванка төрсөн ах, дүү хоёртой. Түүнд бас нэг эцэгтэй эр, эм хоёр дүү бий.
Иванка Трамп Цагаан ордонд ирсэн нь түүнийг улс төрийн үйл ажиллагаагаа эхлэхэд тус болно. Ерөнхийлөгчийн засаг захиргаанд ажиллах нь ийм боломж олгоно. “Бүх юм Иванкагаас өөрөөс нь шалтгаална. Гол нь битгий л “генералын авгай” болчихоосой, хүн болгонд заах гэж бүү оролдоосой” гэж Рузвельтийн нэрэмжит сангийн тэргүүн Юрий Рогулев “ханцуйндаа залбирч” байна.
Трамп өөрөө бизнесийн хүн болохоор улс төрийн хүрээнийхэн дунд түших тулах юм байхгүй учраас хамгийн ойр дотнынхоо хүмүүсийн хүчинд найдахаас аргагүйн эрхэнд охиноо багтаа авсан гэж зарим шинжээч үзэж байна. Үүний зэрэгцээ ойр төрлийн хүнээ төрийн албанд зүтгүүлж буй Америкийн анхны улстөрч нь Трамп бас биш гэдгийг шинжээчид хэлж байгаа.
Тухайлбал, Билл Клинтон Ерөнхийлөгч байхад тэргүүн хатагтай Хиллари эрүүлийг хамгаалах салбарт шинэчлэл хийх ажил эрхэлж байжээ. 1960-аад онд Жон Кеннеди АНУ–ын Ерөнхийлөгч байхдаа дүү Робертоо Хууль зүйн сайдаар томилж л байв. Цаашид Төрийн эрх мэдлийг төрөл садангууд хувааж байхыг болиулахын тулд 1974 онд Линдон Жонсоны засаглалын үед хууль гаргасан аж. Өөрийн алба хашиж буй бүтцэд төрөл садны хүнээ авч ажиллуулах, албан тушаал ахихад нь тусалж, дэмжихийг энэ хуулиар хориглосон байна.
Иванка “Chaрin school” болон “Сhoate rosemary hall” коллежийг төгссөн, мөн Жоржтауны их сургуульд хоёр жил суралцаад Пенсильваний их сургуульд шилжиж, 2004 онд төгсөн, эдийн засагч болжээ. Тэрбэр герман, франц хэлтэй.
Иванка 15 наснаасаа фото модель болохыг сонирхож байв. 1997 онд анх удаа “Seventeen” сэтгүүлийн хавтсан дээр зураг нь гарсан аж. Удалгүй бизнес хийх болж, зохиол бичих гэж ч оролдож үзжээ. Өөрийн “Ivanka Trump collection” компаниа байгуулж, бэлэг дурсгалын зүйл үйлдвэрлэх ажил эрхэлж байснаа эцгийнхээ “Trump organization” толгой компанийн дэд ерөнхийлөгч болж, үл хөдлөх хөрөнгийн бизнес хийх болов.
“Махim” сэтгүүл Иванка Трампыг 2007 онд жагсаалтын 83-т нэрийг нь бичиж, хамгийн дур булаам 100 бүсгүйд багтааж байжээ.
2009 онд Иванка хөрөнгө оруулагч бизнесмэн Жаред Кушнертэй сууж, нөхрийнхөө хүсэлтээр хуримынхаа өмнө иудейн шашинтан болсон байна. Энэ шашинд ихэд сүсэглэх болж, хүүхдүүд нь ч сүмд очдог аж. Эднийх еврейн ёсоор баасан гаригийн нар шингэхээс бямба гаригийн нар шингэх хүртэлх хугацаанд аливаа ажил төрлөө хаяад, гар утас, компьютероо салгаад гэртээ хүүхдүүдтэйгээ байдаг гэнэ.
Иванка Трамп гурван хүүхэдтэй. Иванка, Кушнер хоёул Нью-Йоркийн үл хөдлөх хөрөнгийн арилжааны магнатуудын хүүхэд бөгөөд энэ бизнесийг нь эцэг, эхээсээ өвлөж авсан байна.
Иванка 2009 онд “Хөзөр: Ажил, амьдралд хэрхэн нөлөөлөх вэ” гэдэг номоо хэвлүүлжээ. Энэ бол намтарчилсан бүтээл бөгөөд өөрийн туршлагаа уншигчидтай хуваалцаж, залуу эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгсөн байна. Одоо тэрбээр хоёр дахь номоо бичиж буй. Ажил, амьдрал нь өөдрөг яваа бүсгүй хүний тухай өгүүлсэн уг ном энэ онд хэвлэгдэх аж.