Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэг өнгөрсөн долоо хоногт баривчилснаас нь хойш анх удаа Прокурорын газраас байцаажээ. Тэрбээр авлигын дуулиант хэрэгт холбогдсон нь Төрийн тэргүүний албан тушаалаас огцроход хүргэсэн билээ.
“Ёнхап” агентлагийн уламжилснаас үзвэл мөрдөн байцаагчид Пак Гын Хэг Сөүлээс урагш орших Ыйван хотын урьдчилан хорих төвд байцаав. Баривчлахаас өмнө түүнийг бүхэл бүтэн нэг сар байцаан, авлига авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, нууц мэдээлэл бусдад дамжуулсан, эсэхийг тодруулжээ. Энэ сарын дундуур Пак Гын Хэд 13 зүйл ангиар ял оноож магадгүй.
Прокурорын газраас хүсэлт тавьсныг шүүх зөвшөөрсний дагуу БНСУ-ын эдийн засгийн гайхамшгийг бүтээгч гэгддэг, дарангуйлагч асан Пак Чон Хигийн охин Пак Гын Хэг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт шилжих шөнө баривчилсан билээ.
Хувийн харилцаатай байдаг, авлигын дуулиант хэргийн гол буруутан болох Цой Сүн Сильд мэдээлэл дамжуулсан гэж Ерөнхийлөгч асныг мөн буруушааж байгаа юм.
Өнгөрсөн оны аравдугаар сард Өмнөд Солонгосын томоохон корпорацууд, тэр дундаа “Samsung” компани Цой Сүн Силийн байгуулсан санд их хэмжээний мөнгө өгсний хариуд Засгийн газраас дэмжлэг авдаг тухай мэдээлэл хэвлэлд гарсны дараа дуулиан дэгдсэн юм. Төрийн өндөр албан тушаал хашдаггүй тэрбээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилд хөндлөнгөөс оролцож, дээд түвшний харилцаагаа ашиглан ашиг хонжоо олж байсан гэдэг.
БНСУ-ын Үндэсний хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 9-нд Пак Гын Хэд итгэл үл үзүүлж буйгаа зарлан, түүнийг албан тушаалаас огцруулах шийдвэрийг энэ оны гуравдугаар сарын 10-нд Үндсэн хуулийн шүүх нь баталсан билээ.
Тийнхүү Пак Гын Хэ шүүхийн шийдвэрээр хугацаанаасаа өмнө огцорсон, Өмнөд Солон-госын анхны Ерөнхийлөгч болжээ. Үүний сацуу тэрбээр Төрийн тэргүүнээр ажилласныхаа дараа шоронд орсон, тус улсын гурав дахь Ерөнхийлөгч болов. Төрийн тэргүүн асан Ро Дэ У, Чон Ду Хван нар 1995 онд баривчлагдсан байна.