Германы Майнц хотын дархан Иоган Гутенберг 1440 онд хэвлэлийн суурь машин бүтээсэн нь хүн төрөлхтний хамгийн чухал бүтээлд тооцогддог. Үсгийн бат бөх хэвийг төмрөөр хэрхэн бэлтгэх, нэг хуудсыг хэдэн зуун удаа хуулбарлан хэвлэхийн тулд тэдгээр хэвийг яаж хөдөлгөөнгүй байлгах, улмаар өөр хуудас хэвлэхэд эдгээр хэвийг дахин ашиглах аргыг Гутенберг бодож олжээ.
Тэрбээр христийн шашны библи судрыг латын үсгээр хэвлэхдээ эх бичвэрийг тод хар үсгээр хоёр баганад хувааж бичээд, зарим баганы эхний үсгийг улаан бэхээр ялгаж бичсэн нь лам нарын уран бичлэгтэй өрсөлдөхүйц гоё болжээ.
ХЭН НЬ АНХДАГЧ ВЭ
Хэвлэх машины хувьд анхдагч нь хэн бэ гэдэг талаар Гутенбергтэй өрсөлдөгчид бий. Хятадад үсгийн хөдөлдөг хэв бүхий хэвлэлийн анхны машиныг бүтээсэн гэх. Мөн Гутенбергийг хэвлэлийн суурь машин бүтээж байх үед солонгосчууд хэвлэх ажиллагааг хөнгөвчлөхийн тулд захидлын уламжлалт аргаа хэдийнэ халсан байжээ. Тэд хэдэн арван мянган дүрс үсгээ ердөө 28 болгож эмхэлсэн байна.
Нийтээр бичиг, үсэг тайлагдахад Гутенберг анхны түлхэц өгсөн гэдгийг няцаав. Түүний бүтээлээс 600-700 жилийн өмнө Ойрхи Дорнод, Хойд Африкийг хамран оршдог байсан Аббасидын халифат улсад нийтээр бичиг, үсэгт тайлагдсан гэнэ.
Гэсэн хэдий ч Гутенбергийн хэвлэх үнэхээр дэлхий ертөнцийг өөрчилсний нотолгоо бий. Түүний бүтээл Европыг шинэчилж, шинжлэх ухаан хөгжин, сонин хэвлэл, уран зохиолын төрөл болох роман, сурах бичиг гээд өөр олон зүйл бий болоход хүргэсэн аж. Үнэндээ цаас гэж чухал зүйл бий болоогүй бол Гутенберг хэвлэх машин бүтээхгүй ч байсан байж мэдэх юм.
Хятадууд 2000 жилийн өмнө цаас хийж сурчээ. Эхлээд түүнийг үнэт эд зүйл боож баглахад ашиглаж байгаад, удалгүй юм бичиж, тэмдэглэхэд хэрэглэж эхэлсэн гэнэ. Учир нь цаас нь хулснаас хөнгөн, торгоноос хямд байсан аж.
Араб дахин удалгүй энэ аргыг хэрэглэдэг болсон бол Германд цаасыг Гутенбергийн хэвлэх үйлдвэр бий болохоос хэдхэн арван жилийн өмнө аваачсан байна.
Европчуудад яагаад хэдэн зуун жилийн турш цаас хэрэггүй байсан юм бол? Тэд амьтны арьсан элгийг цаас болгон ашигладаг байжээ. Энэ нь нэлээд үнэтэй тусдаг бөгөөд библи судрыг бэлтгэхэд 250 хонины арьс орсон гэдэг. Уншиж, бичдэг хүн цөөн байсан болохоор судар тийм ч чухал хэрэгцээтэй байгаагүй аж.
Олон төрлийн худалдаа наймаа бий болсноор гэрээ байгуулах, тооцоо бодох шаардлага гарч, бичгийн хямд материал хэрэгтэй болсон байна. Олон сая хонь төхөөрөхгүй, удаан хугацаагаар ашиглах боломжтой хямд цаасыг ном хэвлэхэд ашиглах илүү боломжтой байжээ.
Гэхдээ цаасыг зөвхөн хэвлэлд төдийгүй өөр янз бүрээр ашигладаг. Хананы цаас, зурагт хуудас, гэрэл зураг хэлбэрээр ханандаа нааж байна. Кофе, цай шүүж, сүү, жимсний шүүсийг цаасан саванд савладаг. Тос даадаг цаасыг хоол, хүнс шарж, жигнэхэд хэрэглэдэг. Зүлгүүртэй болон самбай цаас гэж бий. Мөн цаасыг тасалбарт ашиглаж байна.
Телефон утас, чийдэн бүтээсэн арван жилд багтах 1870 онд Британид нүхтэй цаас үйлдвэрлэдэг компани зөөлөн мөртлөө бат бөх, чийг шингээдэг цаас бүтээв. Тийнхүү дэлхийд анхны ариун цэврийн цаас бий болсон аж.
Асар их хэмжээний цаас үйлдвэрлэснээр Европт эцсийн эцэст уг бүтээгдэхүүн ямар хэрэгцээтэй нь мэдрэгдэж, улмаар тус тивд хүнд аж үйлдвэрийн анхны салбар бий болжээ.
ЭЦЭС ТӨГСГӨЛГҮЙ ШИНЭЧЛЭЛТ
Эхлээд цаасыг цэвэрлэсэн хөвөнгөөр үйлдвэрлэдэг байв. Хөвөнг задлахад шээсний шивтэр (аммиак) ашигладаг байж. Тиймээс Европын цаасны үйлдвэрүүд хэдэн зуун жилийн хугацаанд хүний ялгадсаар ажиллаж иржээ.
Цаас хийхэд ашигладаг материалыг бутлахад механик хүчний асар их зардал шаарддаг байв. Европын цаасны анхны үйлдвэрүүдийн нэг болох Италийн “Fabriano”-д уг ажиллагаанд уулын түргэн урсгалтай голыг ашигласан гэнэ. Ингэж нарийн буталсны дараа хөвөнгөөс эслэг (целлюлоз) ялгардаг. Түүнийг хатаахаар бат бөх, намирсан цаас болдог аж.
Өнгөрсөн олон зууны хугацаанд энэ үйл явц улам бүр боловсронгуй болж, цаасыг богино хугацаанд илүү хямд аргаар үйлдвэрлэдэг болжээ. Гэхдээ зарим талаар чанар нь жаахан буурч, цаасны бат бөх чанар алдагдсан байна.
1702 он гэхэд цаасны өртөг эрс буурч, бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглаж, дэлхийн анхны өдөр тутмын “Daily courant” сонинг хэвлэн, түгээх болов.
Харин дараа нь тойрох аргагүй хямрал нүүрлэж, түүхий эдийн хомсдолын улмаас Европ, Америк цаасаар гачигдлаа. Ингээд эслэгийн оронд мод ашиглах арга олжээ.
Хятадууд модноос цаас гарган авах аргыг аль эртнээс мэддэг болсон байхад европчууд тэднээс хэзээ хойно бодож олсон байна.
Зөгий модыг зажилж, цаасан үүр хийдэг байхад энэ аргыг хүн яагаад ашиглаж болохгүй билээ гэсэн эрдэм шинжилгээний ажлаа 1719 онд Францын биологич Рене Антуан Реомюр нийтэлжээ. Жилийн дараа цаас үйлдвэрлэгчид түүний санааг анхааралдаа авснаар XIX зууны дунд үе гэхэд Өрнөдөд мод нь цаасны чухал түүхий эд болов.
ДЭЛХИЙ ДАЯАРХ ЦААСНЫ ЭРГЭЛТ
Өдгөө цаасыг өөрөөр нь буюу дахин боловсруулах технолгиор үйлдвэрлэж байна. Хятадын Шанхай хотоос урагш 200 км зайтай орших Нинбо хотын цаасны үйлдвэрт зөөврийн компьютер савладаг хайрцаг үйлдвэрлэдэг. Түүнийг Номхон далай давуулан Америк, Канад руу илгээнэ. Доторх компьютерийг аваад цаасан хайрцгийг буцаана. Үүнийг дахин жижиглээд шинэ хайрцаг хийдэг.
Захидал харилцаанд цаас ашиглах нь цөөрсөөр, орон зайг нь компьютер эзэлж байна. Үүнийг анх таамаглаж байсан Томас Эдисон XIX зууны сүүлчээр албаны бичиг цахим хэлбэрээр хадгалагдахыг урьдчилан таамаглаж байв. Албан тусалгаанд анхны компьютерүүд бий болж байсан 1970-аад оны үед эл санаа дахин төрж байлаа. Гэсэн ч цаас эрэлт хэрэгцээтэй хэвээр. Баримт бичгийг электрон хэлбэрээр түгээх үйл явц хялбар болсон ч хувилагч, хэвлэгч болон факсын машин цаас ашигласан хэвээр.
Ингээд 2013 оноос цаасны үйлдвэрлэл буурах болов. Хүмүүс бидний олонх нь интернэтийн хуудас эргүүлэхийн оронд гартаа цаас, эсвэл сонин барихыг урьдын адил илүүд үзсээр байна. Гэлээ ч хэвлэлийн бүтээгдэхүүнийг тоон хэлбэрээр түгээх зардал өнөөдөр эрс буурсан нь бид хүссэн, хүсээгүй илүү хямд хувилбарыг сонгоход хүрлээ.
Эцэст нь тоон технологи цаасны хамт хөгжиж байна. Гэхдээ чанарын хувьд бус, хямд гэдэг утгаар. Тиймээс цаас зөвхөн дэлгүүрийн лангуу, эсвэл ариун цэврийн өрөөнд төдийгүй албан тасалгаанд байсаар байх нь.
Хуучин арга заримдаа их удаан хэрэглэгддэг. Бид урьдын адил харандаа ашиглаж, лаа асааж байна. Дэлхийд автомашинаас олон унадаг дугуй үйлдвэрлэсээр буй.
Цаасыг ном хэвлэхэд төдийгүй өдөр тутмын хэрэгцээнд хэзээд ашиглаж байсан. Түргэн бичиж, тэмдэглэх, худалдан авах барааны жагсаалт, хар зураг гаргах шаардлага үгүй болохгүй гэж Тим Хартфорд “Financial times” сонинд бичжээ.