Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Аюулгүй хүнс” сарын аян зарласан. Уг аяны хүрээнд Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй гэрийн тэжээмэл мал, амьтны эмнэлэг болон худалдаа эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгжүүдийг шалгажээ.
Малын эмийг горимын дагуу хадгалаагүй, эм, эмнэлгийн хэрэгслийг хувь хүнээс худалдан авсан, Эмийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаагүй, монгол хэлээр хэрэглэх зааврыг бичээгүй эм бэлдмэл авч, зориулалтын бус газар хадгалж байсныг мэргэжлийн хяналтын байцаагч нар илрүүлэв.
Малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, чанарын баталгаажуулалтад хамрагдсан эмийг худалдах, нохой, муурны эмийг мэргэжлийн хүнээр борлуулдаг болгох, Малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаагүй эм, бэлдмэлийг хилээр нэвтрүүлэхгүй байх шаардлагыг эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэгчдэд тавьж буй гэнэ.