Монгол төрийн зүтгэлтэн С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэргийн зарим нотлох баримтыг ил болгосон нь олны анхаарлын төвд байсаар, “Хэргийг шалгах ажлын хэсэг, тагнуул, цагдаа, прокурор, шүүхийнхэн Ерөнхийлөгчийн даалгавраар тааруухан жүжиг тавилаа” хэмээн иргэд эгдүүцсээр байна.
Ц.Нямдорж: Д.Булган хуулийнхны хүссэнээс өөр зүйл ярих гээд байсан учраас оруулаагүй байж болно
Өдгөө захиалагчийг нь хайж байгаа хэмээн Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-ын чуулганы танхимд зарласан энэ хэргийн талаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж өнгөрсөн баасан гаригт МҮОНТ, “25 дугаар суваг” телевизэд ярилцлага өгөхдөө “Байцаан шийтгэх ажиллагааны зарчим байдаг. Прокурор, өмгөөлөгч нар ижил эрхтэй, нэг нь яллах талынхаа, нөгөө нь цагаатгах нотлох баримтаа гаргадаг. Энэ дундаас шүүгч шийдвэр гаргадаг юм. Анхан болон давж заалдах шатны шүүх хурлыг хаалттай хийсэн.
Шүүхийн шийдвэр гарснаар прокурорын ажил дуусдаг. Гэтэл олны анхаарал татсан энэ хэрэгт яллах тал нь нотлох баримт гэж элдэв юм МҮОНТ-ээр үзүүллээ. Шүүгч бол прокурор, өмгөөлөгчөөс үл хамааран шийдвэрээ гаргадаг, түүнийхээ төлөө хариуцлага хүлээдэг, тайлбарладаг.
Прокурор нь МҮОНТ-ээр яллах талын баримтаа ил гаргаж байгаа юм бол, өмгөөлөгч нар нь ч гэсэн цагаатгах баримтаа яриг л дээ. Огт байж болшгүй үйлдлийг прокурор, шүүхийнхэн хийж байна. Шүүх хурлыг хаалттай хийх хоёр тохиолдлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 235 дугаар зүйлд заасан.
Түүнд “Төр, байгууллага, хувь хүний нууцыг хамгаалах болон насанд хүрээгүй этгээдэд холбогдох хэрэг хянан шийдвэрлэхээс бусад бүх шатны шүүхийн шүүх хуралдааныг нээлттэй явуулна” гэж заасан байдаг. Энэ хэргийн тухайд гүйцэтгэх албаны ажлыг эс тооцвол төрийн, байгууллагын, хувь хүний нууц байхгүй. Өмгөөлөгч нараар “Энэ хэргийн талаар юу ч ярьж болохгүй” гэсэн баталгаа гаргуулж авчихаад, түүгээр дамжуулж айлгаад байгаа юм билээ.
Олон улсын парламентын холбооноос энэ хэргийн шийдвэртэй холбогдуулж гурван удаа албан бичиг ирүүлсэн. Шүүх хурлыг яагаад хаалттай хийв, яагаад тагнуулын байгууллага шалгасан бэ, Д.Булганыг бүтэн жил шалгаж хорьчихоод яагаад хуралд оролцуулаагүй юм бэ гэсэн асуулт тавьж байна. Шийтгүүлсэн хүмүүсийн ар гэрийнхэн ч надад болон УИХ-ын гишүүдэд байнга өргөдөл ирүүлж байгаа юм. Тэд бүгд л шүүх хурлыг нээлттэй явуулахыг хүсэж байна.
Хэрэг гарах үед тэнд байсан цорын ганц хүн нь Д.Булган. Яалт ч үгүй хохирогч, эсвэл гэрч. Наад зах нь мэдүүлсэн ам зургийнх нь талаар түүнээс тайлбар авах ёстой шүү дээ. Магадгүй шүүх, прокурорынхны хүссэнээс өөр зүйл ярьчих гээд байсан учраас Д.Булганыг хуралд оролцуулаагүй байж болох юм” хэмээсэн.
С.Зоригийн амийг хөнөөсөн Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэрэгт хяналт тавьсан НПГ-ын хяналтын прокурор Б.Батжаргал “Ц.Амгаланбаатарын мэдүүлэгт нэг сонин зүйл байдаг” гэж ярьсан нь иргэдийн дундах эргэлзээг улам лавшруулав. Нээрээ л сонин зүйл байгаа юм. Д.Булган хэрэгтнүүдтэй чанасан махаа хуваан идэж, татсан тамхиныхаа ишийг будаатай шаазанд хамт хаясан гэх мэтийн сонин зүйл бий.
Нэг ч прокурор энэ хэргийг үйлдсэн хүмүүсийн шүлс, ДНХ-ийн шинжилгээний хариу тамхины ишнээс олдсонтой таарч буй, эсэх талаар ярихгүй байгаа нь эргэлзээг улам гүнзгийрүүлж буй юм. Будаатай аяга л олдсоныг Б.Батжаргал прокурор ярьснаас бус, ДНХ-ийн шинжилгээгээр шүлс нь тохирсон, эсэхийг хэлсэн бол иргэдийн эргэлзээ бага ч гэсэн тайлагдах байсан биз.
Ц.Амгаланбаатар хуулийнхныг даапаалаад байгаа юм биш үү
С.Зоригийн амийг егүүтгэсэн хэрэгт ял шийтгүүлээд буй Ц.Амгаланбаатарын мэдүүлэг, хэрэг хийсэн нь зам шалгалтаар нотлогдсон тухай прокурорууд ярьж байгаа. Гэхдээ тэдний яриан дунд хууль сахиулах байгууллагынхан ч үнэмшимгүй зүйлүүд бий. Тухайлбал, Ц.Амгаланбаатар хэрэг гарсан байранд очоод ярьж байхдаа “Би дүрслээд үзүүлж болно биз дээ” хэмээсэн. Дүрсэлж үзүүлэх нь магадгүй “жүжгийнх” нь төлөвлөгөөнд (сценарид) байж болох.
Түүнийг нь цээжилснээ л мань эр ярьж байх шиг санагдсан. Мөн “Юу нь яаж өөрчлөгдсөн байна вэ” гэсэн асуултад нь тээнэгэлзэж байгаад “Зайтай л байсан юм даа” гэж ярьсан нь өөртөө итгэлгүй, хэргийн бодит үнэнийг төдийлөн сайн мэдэхгүй, өмнө нь сонссон зүйлээ л ярьж буй мэт байна лээ хэмээн ярих хуульчид, мөрдөгч, эрүүгийн төлөөлөгч, прокурорууд байна.
“Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт Өлийн гол дахь “Монгол газар” компанийн тусгай зөвшөөрөлтэй талбайн хаягдлын далан гурван том нуур үүсгэсэн байдаг. Алтны гурван ченжийг хөнөөгөөд тэдний нэгэнд хийж булсан” хэмээн Ц.Амгаланбаатар 2012-2013 оны үед ярьж байсан юм. Түүний мөрөөр цагдаагийн Тусгай ажиллагааны газрын ажилтнууд, МБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн сар шахам хайгуул хийгээд ямар ч хүний цогцос олоогүй, эцэст нь энэ этгээд худлаа ярьсан нь тогтоогдсон байдаг.
Таксины жолоочийг бүрэлгэсэн хэрэгтээ ял шийтгүүлсэн энэ эр шоронд удаан сууж залхаад хийгээгүй хэрэг хүлээж, хэд хоног ч гэсэн өөр орчин нөхцөлд очих, нэгэнт алдах зүйлгүй болсон учраас хуулиар тоглох, хууль сахиулах байгууллагынхныг даапаалах ажил хийж байж болох юм.
Ц.Нямдорж “Миний авсан мэдээллээр хэрэг үйлдсэн гэж ганцхан Ц.Амгаланбаатар л ярьж байгаа юм билээ” хэмээн “25 дугаар суваг” телевизийн сэтгүүлч Г.Мөнхтуултай ярилцахдаа хэлж байв.
Захиалагчийг нь олоогүй байж гүйцэтгэгчийг шийтгэх нь учир дутагдалтай
“Захиалагчийг нь олоогүй байж, захиалгаар хүн хөнөөсөн хэмээн шийтгэсэн нь учир дутагдалтай. Захиалгаар хүний амь бүрэлгэснийхээ төлөө энэ хүмүүс хэдэн төгрөг авсан бэ гэдгийг тогтоож байж, сэжигтнүүдийг түүнд нь холбож байж л шийтгэх ёстой” хэмээн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж дээрх хоёр телевизэд өгсөн ярилцлагадаа дурдсан байгаа.
Харин прокурор Б.Батжаргалын ярьснаас үзвэл захиалагч нь дээрх гурван хүний дунд гар утас аваад өгчихсөн гэмээр сэтгэгдэл төрүүлж буй юм. Учир нь тэр үед боломжийн амьдралтай цөөхөн хүн л гар утас барьж байсан гэдгийг олон уншигч санаж буй нь лавтай. Тэгэхээр гар утаснаас нь хөврүүлээд захиалагчийг тусад нь бус, энэ хэдтэй хамт шийтгэх боломж байсан гэдгийг хууль сахиулах байгууллагын жирийн алба хаагчид хэлж байна.
Ц.Нямдорж “Ам зураг, бодит зураг хоёрын харьцуулалт гэдэг бол яллах баримт биш. Хэрэг хүлээсэн л бол шийтгэж болно гэсэн Вышинскийн онол өнөөдөр манайд эргээд амилж байна. Хуулийнхан хэргийг ном журмаар нь шийдэх чадвараа алдсан. Даалгаврыг үг дуугүй биелүүлдэг болжээ. Ийм ардчилсан орон гэж байх уу. Үндсэн хуулийн алтан зарчим нурж байна. Прокурорууд ардчилсан нийгмийн үед ийм адал балмад юмыг олж харахгүй байгаад гайхаж байна” хэмээн ярилаа.
Магадгүй дээрээс өгсөн даалгаврыг биелүүлэх, эрх мэдэл, албан тушаалдаа үлдэхийн төлөө прокурорууд юу ч хийж болзошгүй байгаа бололтой. Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэнгийн хувьд даалгавар биелүүлэгч, байгаль орчинд халтай прокурор гэж үзэх хүн нэг бус.
Тухайлбал, байгаль орчинд хохирол учруулсан компанид хамаг эд хөрөнгөө залилуулсан нэгэн иргэн амиа хорлохыг завдан, гэрээслэл бичихдээ “Миний үхэлд прокурор Ж.Сандагсүрэн зэрэг хүн буруутай” хэмээсэн байсан. “Баян суут” хэмээх алтны компанийн захирал Ц.Баярцогтод холбогдох хэргийг хянаж байхдаа үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосныг эсэргүүцэж, хохирогч нь амиа хорлохыг завдсан юм. Прокурорууд нь тэр хэргийг хэрэгсэхгүй болгоод Ж.Сандагсүрэнг албан тушаал дэвшүүлсэн хэмээн дээрх хохирогчид харддаг.
ПРОКУРОРУУД ШИНЖЭЭЧДИЙН АЖЛЫГ ҮГҮЙСГЭВ
“Үхсэн хүн үг хэлэх биш” гээд яахаараа 2007 онд гэр бүлээрээ галд өртөж нас барсан хүн рүү энэ хэргийг чихдэг билээ. Дахиад л ганцхан Ц.Амгаланбаатарын үгээр, өөр баримт байхгүй” хэмээн Ц.Нямдорж ярилцлагадаа өгүүлсэн. “Паараа” хэмээх Отгонбаатарыг прокурорууд С.Зоригийн амийг бүрэлгэхэд оролцсон хэмээн буруутгасан.
Улмаар энэ хэргээ нуун далдлахын тулд Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар тэднийхийг бензин цацаад шатаасан гэж ял шийтгэсэн билээ. Отгонбаатарын эгч нь манай сонинд өгсөн ярилцлагадаа “Шүүх хурлын үеэр Ц.Амгаланбаатар “Бид гурав шатаасан. Шатахуун цацаад, гал тавьсан” гэж хэлж байсан. Харин Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар “Ийм хэрэг үйлдээгүй” гэж ярьсан.
Дөрвөн хүнээ алдчихсан хүмүүс цахилгаан ашиглалтын буруугаас гарсан осол гэх дүгнэлтийг “Өө тэгж үү” гээд орхихгүй нь мэдээж. Үнэн, эсэхийг нь тодруулж, ямар байгууллага шалгасныг нь лавласан. Тэгээд дахин шалгуулах хүсэлт ч гаргаж байсан. Тэгэхэд шалгалт хийсэн бүх байгууллага “Цахилгааны гэмтлээс үүдэлтэй” гэсэн хариу л өгсөн байдаг. Улаанбаатараас ч холбогдох албаны хүмүүс очиж шалгасан” гэж ярьсан юм.
Тэгэхээр галын шалтгааныг тогтоодог мэргэжлийн байгууллагынхан худлаа дүгнэлт гаргасан гэсэн мессежийг прокурорууд олон түмэнд өгчихөж байгаа юм. 2007 онд шинжээчид дүгнэлт гаргахдаа цахилгаанаас үүдэж гал гарсан хэмээн дүгнэсэн. Шат шатных нь байгууллагынхан ч мөн л уг дүгнэлтийг баталсан байгаа. Галын шинжээчид аливаа зүйлийг хаанаасаа яаж шатсанаас эхлэн, угаар, тортгийн үнэрээс нь шалтгааныг тодорхойлдог юм билээ.
Тухайн үед Отгонбаатарын гэр шатсан хэрэгт дүгнэлт гаргасан шинжээчид өдгөө өөрсдийнх нь ажлыг үгүйсгэж, санаатай, шатахуун цацаж галдсан гэж яриад байгаад ихэд ундууцаж буй нь лавтай. Тэд ажлаа хуулийн дагуу хийсэнгүй юү, эсвэл прокурор худлаа ярив уу гэдэгт шинжээчид тайлбар өгөх биз.
Эцэст нь өгүүлэхэд, Төрийн нууцын тухай хуулийн 21.4-т “Үндэсний аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс төрийн нууцыг яаралтай ил болгох шаардлага гарсан онцгой тохиолдолд Тагнуулын ерөнхий газрын даргын саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч уул асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан байгаа. С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг хэрхэн шийдвэрлэсэн нь Үндэсний аюулгүй байдлын эрх ашиг хөндөгдсөн гэж үү.